Олны өмнө цогцосыг задлан шинжилгээнд оруулж, тасалбарыг 500 доллараар үнэлжээ

img

Өнгөрсөн сарын 17-ны өдөр Америкийн Портленд хотын зочид буудалд болсон анатомын театрын шоу олон нийтийн дунд ихээхэн шуугиан, дургүйцэл төрүүлж, тун удахгүй шүүхээр асуудал шийдэгдэж болзошгүй талаар NBC мэдээлжээ. 

 

Энэ шоуны үеэр олны өмнө цогцосыг задланд оруулсан бөгөөд цогцос нь саяхан коронавирусийн халдварын улмаас нас барсан, 98 настай , Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчных байжээ. Ахмад дайчин Дэвид Сондерс өөрийнхөө цогцосыг шинжлэх ухаанд зориулахыг гэрээсэлсэн байна. 

 

Гэвч шинжлэх ухааны хөгжилд цогцосоо гэрээсэлсэн ч олны өмнө, зүгээр ч нэг хүмүүс биш мөнгөөр "анагаахын шоу" үзэхэд бэлэн хүмүүсийн өмнө цогцосыг задлан шинжилгээнд оруулна гэж хэн ч таамагласангүй. Энэ шоуг тасалбартайгаар зохион байгуулж, 100-500 ам.доллараар худалдаалсан байна. 

 

Задлангийн ширээнд ойр суух тусам тасалбарын үнэ нэмэгдсэн бөгөөд энэ үйл явдлыг 70 хүн үзжээ. Үзэгчдийн дунд эмч нар, оюутнууд, сэтгүүлчид байсан төдийгүй шинжлэх ухааны шүтэн бишрэгчид, өөрсдийгөө айлгаж цочирдуулахаар ирсэн хүмүүс ч байсан гэнэ. Задланг тусгай мэргэшсэн эмгэг анатомич, анатомын профссеор Колин Хендерсен хийсэн бөгөөд задлан хийх явцыг тайлбарлаж, хүмүүст эд эрхтнүүдийг гарган харуулж байжээ. 

 

Олны өмнө Дэвид Сондерсийн цогцосыг задалсан явдалд олон хүн дургүйцсэн бол Сондерсийн бэлэвсэн эхнэр 92 настай Элси энэ үйл явдлын талаар мэдээгээр сонсоод цочролд орсон гэнэ. 

 

Сондерс наймдугаар сард коронавирусийн улмаас нас баржээ. Түүний үхлийн шалтгаан нь коронавирусийн халдвар байсан тул Луизианагийн их сургууль цогцосыг нь хүлээн авахаас татгалзсан байна. Ингээд эхнэр Элси Сондерс  Батон-Руж оршуулгын товчоонд хандсан бөгөөд энэ товчоо Лас-Вегаст байрлалтай эмнэлгийн лаборатори руу бэлэвсэн эхнэрийг илгээжээ. Энэ байгууллага нь эрдэм шинжилгээнд зориулан төрийн болон арилжааны бус байгууллагуудад цогцос  олгодог аж. Улмаар энэ лаборатори "Үхлийн тухай шинжлэх ухаан"-ыг үүсгэн байгуулагч Жереми Силибертод цогцосыг зарсан бөгөөд цогцос худалдан авахын өмнө Сондерсийн цогцосыг олны өмнө задална гэдгээ лабораторид мэдээлсэн гэж Силиберто мэдэгджээ.

 

Эхнэрт нь ч энэ талаар дуулгасан ч Элси Сондерс "олны өмнө задланд оруулна" гэдгийг анагаах ухааны аль нэг сургуулийн хичээлийн үеэр оюутнуудын өмнө задална гэж ойлгосон байж болзошгүй гэнэ. Улмаар Элси Сондерс нөхрийнх нь цогцостой "хэсэг мах шиг харьцсан" хүмүүсийн эсрэг шүүхийн зарга үүсгэхээр төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Аймаар юм,ум маний......
2021-11-08