Польш: Цагаачдаас хамгаалахын тулд хил рүү цэргийн техник татжээ

img

Беларусь, Польшийн хил дээр олон мянган цагаач цугларч, тэднийг Польш улс нэвтрүүлэхгүй байгаагийн улмаас цагаачдын хуаран үүсэж, улмаар олон хүн осгож, өлсөж үхэхийн ирмэг дээр байгаа талаарх мэдээллийг олон улсын агентлагууд дамжуулсаар байна. 

 

Цагаачид хилийн өргөст торыг тасдан, хил нэвтрэх гэж оролдож байгаагийн улмаас Польшийн хилчид тэдний эсрэг нулимс асгаруулах хий ашигласны дээр агаарт хий буудсан талаарх мэдээлэл ч гарч байв. Нөхцөл байдал хүндэрсэн тул Польш хил рүүгээ цэргийн техник татаж байгаа талаар РГ агентлаг мэдээлжээ. 

 

Ийнхүү Беларусь, Польшийн хил дээр цугларсан цагаачидтай холбоотой асуудал хүндрэх үед хүний эрхийг ноцтой зөрчсөн, байлдааны зэвсэг бүхий цэргийн техник хил рүүгээ татсан нь байж болшгүй хэрэг гэж Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей мэдэгдэн, үүнд Польш болон түүний Европын холбоотнуудыг буруутгасан байна. 

 

Беларусийн Гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр, хил дээр 2000 гаруй цагаач байгаагийн дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд олон байгаа гэнэ. Тэд хил рүү хүрсэн нь "Беларусьт байх хүсэлгүй, харин ЕХ -оос тусламж хүсэж байгаагийн илрэл" хэмээн тэрбээр онцолжээ. Гэтэл ийнхүү тусламж хүсэн очиход нь хийгээр хордуулж, "толгой дээгүүр нь буудаж, хил рүүгээ цэргийн техник татаж байна" хэмээн Владимир Макей онцолсныг БЕЛТА агентлаг дамжуулсан байна.

 

Түүнчлэн тэрбээр өнөөдөр товлогдсон, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийх уулзалтын үеэр хил дээр үүссэн дүрвэгчдийн хямралын асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ