ДЭМБ: COVID-19-өөс сэргийлэх вакциныг жил бүр өөрчлөхөөс аргагүй болно

Коронавирусээс сэргийлэх вакциныг жил бүр өөрчлөн, сайжруулахаас аргагүй болно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний ерөнхий ажилтан Сумья Сваминатан мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
SARS-CoV-2 вирусийн цаашид гарах хувилбаруудын аюулыг үгүй болгох зорилт эрдэмтдийн өмнө тулгарсан бөгөөд энэ чиглэлд зохих ажлуудыг хэдийнэ эхлүүлсэн гэнэ. Шаардлагатай бол өөрчилсөн вакцинуудыг зохих байгууллагууд түргэвчилсэн горимоор зөвшөөрөх аж. Бусад өвчний үед ч вакциныг өөрчлөн сайжруулдаг гэдгийг Сваминатан онцлоод томуу өвчнөөр жишээ татан тайлбарлажээ.
"Жил бүр бид томуугийн шинэ вакцин гарган авдаг. Энэ нь тухайн үед дэгдэж буй вирусийн хувилбараас хамаардаг юм. Коронавирусийн халдварын тухайд ч ийм нөхцөл байдал үүснэ. Бид үүнд бэлэн байх ёстой" хэмээн Сваминатан мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, өнөөгийн вакцинууд нь одоо дэгдэж буй коронавирусийн хувилбаруудад үйлчлэх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ