Хятад: COVID-19-ийн голомтын эх үүсвэртэй холбоотой мэдээлэл өгсөн хүнийг шагнана

img

БНХАУ-ын хойд нутгуудаар өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн коронавирусийн дотоодын халдвар дэгдэж, Хятадын эрх баригчид халдварын тархалтыг хумихын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. 

 

Коронавирусийн халдварын дэгдэлттэй тэмцэх үүднээс үүссэн голомтын эх үүсвэртэй холбоотой мэдээлэл өгсөн хүнийг шагнахаар болсон байна. Ийм шийдвэрийг Хятадын Хар мөрөн мужийн Хэйхэ хотын захиргаа гаргасан талаар Хятадын "Жунхуаван" мэдээллийн портал дамжуулжээ. 

 

"Халдварын голомтын эх үүсвэрийг тогтооход тус болох үнэтэй мэдээлэл өгсөн хүнийг 100 мянган юаниар шагнана" гэж эх сурвалж мэдээлсэн байна. Хотын эрх баригчид иргэдийг хууль бусаар амьтан худалдсан, ан хийсэн, хил дамнан загас агнуур хийсэн зэрэг үйлдэлтэй холбоотой аливаа зөрчлийн талаар мэдээлэхийг уриалсан байна. Харин мэдээллийг зориуд нуун дарагдуулвал шийтгэнэ гэж мэдэгджээ.

 

Энэ шийдвэр нь тус хотод гарсан халдварын дэгдэлтийн эх үүсвэрийг олох зорилготой юм. Хэйхэ хотод 10 дугаар сарын 27-ны өдөр коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрч, хоёр долоо хоногийн дотор халдвар авсан хүний тоо 250-д хүрсэн бөгөөд голомтын эх үүсвэрийг олохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ