АНУ америк дуу дуулсан тажик дуучдад мөнгө өгнө

АНУ-ын Төрийн департамент Америк соёлыг хөгжмөөр дамжуулан Тажикистанд сурталчлах ажлыг санхүүжүүлнэ гэж RT агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн дамжуулснаар, тажикуудын дунд Америк соёл, хөгжмийн мэдлэг дутмаг байгаа асуудлыг шийдэх зорилготой төслийг АНУ хэрэгжүүлэхээр болсон гэнэ. Төсөлд оролцогчид нь олон арга хэмжээ зохион байгуулах бөгөөд тухайлбал Тажикистанд америк дуу дуулаачдын уралдаан зарлах аж. Дууны шүлэг нь эерэг утга учиртай байна, зүй бус үг хэллэг орсон дуу дуулахыг зөвшөөрөхгүй гэж дүрэмд заажээ.
Түүнчлэн уран бүтээлчид америк дууг студид бичүүлвэл Төрийн департамент санхүүжилт олгох гэнэ. "Америк соёл, хөгжмийг сурталчлах " зорилгоор зохион байгуулсан уралдааны ялагч Тажикистаны томоохон хотуудаар аялах эрхээр шагнуулах юм байна.
Энэ төслийн хүрээнд оролцогчдод 15 000 -40 000 долларын тэтгэлэг олгох бөгөөд төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд "Америк соёл түгээх" ажилд оролцож болох гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ