ОХУ коронавирусийг дарангуйлдаг эм боловсруулж байна
2021-11-11

Хүний биед SARS-CoV-2 коронавирус үржих явцыг дарангуйлдаг эм гарган авах ажил Орост үргэлжилж байгаа талаар Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээний төвийн захирал Александр Гинцбург мэдэгдсэнийг РГ агентлаг дамжуулжээ. 

 

Гинцбургийн онцолсноор, одоо ашиглагдаж буй эм бэлдмэлүүд нь биеийн байдал хүнд байгаа өвчтөнүүдийг эмчлэхэд төдийлөн хүссэн үр дүнд хүрэхгүй байгаа аж. "Энэ асуудлыг ч шийдэхээр ажиллаж байна. Шинэ эм хэдхэн сарын дотор гарчихна гэж би амлаж чадахгүй. Илүү их хугацаа хэрэгтэй" хэмээн Гинцбург мэдэгджээ. 

 

Гамалеягийн нэрэмжит төв коронавирусийн халдвар аваад биеийн байдал нь хүндэрсэн хүмүүсийг эмчлэхэд зориулан эсрэг биетээс гарган авсан эм боловсруулж байгаа аж. Эмийн эмнэлзүйн туршилтыг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлж, 3-4 сар туршихаар төлөвлөжээ. 

 

Түүнчлэн энэ эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд коронавирусээс сэргийлэх вакциныг хамрын цацлага хэлбэрээр гарган авахаар ажиллаж байгаа юм. Тэд энэ вакцины эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрлийг Оросын Эрүүл мэндийн яамнаас авчээ. Улмаар санхүүжилт шийдэгдвэл 2022 оны дунд үе гэхэд вирусээс сэргийлэх хамрын цацлага хэрэглээнд нэвтрэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин