Алдартнууд сурталчилж буй барааныхаа төлөө хариуцлага хүлээнэ

img

Хятадын Жэжян мужийн эрх баригчид нэгэн өвөрмөц туршилт хийсэн бөгөөд энэ нь цаашлаад улс орон даяар дэлгэрч магадгүй талаар Global Times мэдээлжээ. 

 

Тодруулбал, Жэжян мужид хуурамч мэдээллээс хэрэглэгчдийг хамгаалахын тулд зар сурталчилгааны хуулинд нэмэлт оруулсан байна. Ингэснээр, сурталчилгаанд тоглож буй алдартнууд аливаа бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлахаасаа өмнө өөрсдөө хэрэглэж, туршиж үзэх ёстой болжээ. 

 

Сурталчилж буй бараа бүтээгдэхүүн чанар муутай бол алдартнууд үйлдвэрлэгчдийн хамтаар хэрэглэгчийг хууран мэхэлсэн хэмээн хариуцлагад татагдах аж. Түүнчлэн Жэжян мужид алдартнууд эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, түүнчлэн эрүүл хоол сурталчлахыг хоригложээ. 

 

Хятадын Засгийн газрын хэвлэл болох Global Times сонины мэдээлэлд  "алдартнууд сурталчилж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд анхаарах ёстой. Ямар нэг асуудал гарвал алдартнууд гэрээгээ нэн даруй цуцлах, эсвэл биечлэн мэдэгдэл хийх зэрэг арга хэмжээ авах ёстой" хэмээн өгүүлжээ.

Жэжян мужийн эрх баригчид ийм шийдвэр гаргах болсон нь Хятадад алдартнуудын сурталчилсан бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хэд хэдэн шуугиан гарсантай холбоотой юм. Тодруулбал Хятад, Канадын дуучин Крис Ву гал тогооны хэрэгсэл, жүжигчин Жао Лиин эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчилсан байна. Харин эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь чанаргүй байсан талаар худалдан авагчид гомдол мэдүүлжээ.

 

Мөн өмнө нь, энэ оны наймдугаар сард хошин шогийн жүжигчин  Ли Данийг эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон эмэгтэй хүний дотуур хувцас сурталчилсан хэргээр 134,3 мянган доллараар торгож байв. Түүнчлэн Ли Данийг өөрөө хэзээ ч хэрэгэлж байгаагүй бүтээгдэхүүн сурталчилсан хэмээн буруутгасан юм. Харин 2014 онд Бээжингийн оршин суугч НБА-ийн тоглогч асан Яо Минийг шүүхэд өгч байлаа. Тэрбээр энэ тамирчны сурталчилсан бүтээгдэхүүн нь сурталчилж байсан шигээ үр дүнгүй байсан хэмээн буруутгаж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ