ДЭМБ: Дэлхий даяар тариур хомстож болзошгүй

Ирэх онд дэлхий даяар эмнэлгийн тусгай тариур хомстолд орж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсныг ТАСС агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ онд коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын хүрээнд 6,8 тэрбум тарилга хийсэн бөгөөд энэ тоо нь жилд үйлдвэрлэсэн зургаан тэрбум тариурын тоотой тэнцэж байгаа аж. Тиймээс дэлхий даяарх үйлдвэрлэгчдийг тариур үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг ДЭМБ уриалсан бөгөөд үйлдвэрлэх тоогоо нэмэхгүй бол дэлхий даяар хоёр тэрбум ширхэг тариур дутагдана гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд тооцоолжээ.
Тариур хомстолд орвол дэлхий даяар хүүхдүүдийг товлолт дархлаажуулалтад хамруулах ажил саатаж болзошгүйг ДЭМБ-ын мэргэжилтнүүд анхааруулжээ. Түүнчлэн тариур нь вакцинтай харьцуулахад овор хэмжээ ихтэй тул тээвэрлэлтийн тал дээр ч хүндрэл үүсэж болзошгүй хэмээн ДЭМБ мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ