Америкийн гурван их сургуулийн оюутнуудыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ

АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургууль, Нью-Йоркийн их сургууль, Массачусетсийн технологийн дээд сургууль гэсэн гурван их дээд сургуулийн оюутнуудыг өнөөдөр яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Үүний шалтгаан нь эдгээр сургуулиудад бөмбөг суурилуулсан гэсэн мэдээлэл ирсэнтэй холбоотой гэж АВС суваг мэдээлсэн байна.
Дээрх сургуулиуд дээр цагдаагийнхан ирж ажиллан, барилгуудад үзлэг хийсэн бөгөөд тэсрэх бөмбөаг суурилуулсан гэсэн мэдээлэл нь хуурамч мэдээлэл болохыг тогтоожээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн долоо хоногт АНУ-ын хэд хэдэн их дээд сургуулийн багш, ажилтан, суралцагчдыг "тэсрэх бөмбөг суурилуулсан" гэх мэдээллийн дагуу нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайлбал, 11 дүгээр сарын тавны өдөр Йелийн их сургуульд, 10 дугаар сарын 31-ний өдөр Колумб, Корнелл, Брауны их сургуулиудад бөмбөг суурилуулсан гэсэн мэдээлэл ирж байсан гэнэ. Гэвч үзлэг шалгалт хийхэд хуурамч мэдээлэл өгсөн нь тодорхой болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ