Делид агаарын бохирдлоос болж бүх сургуулийг хаав

Энэтхэгийн нийслэл Дели хотод агаар хэт бохирдсоны улмаас бүх дунд сургуулийг хаажээ. Ингэснээр сургуулиуд цахимаар хичээллэх бөгөөд дараагийн шийдвэр гарах хүртэл боловсролын байгууллагууд ажиллахгүй гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Түүнчлэн, нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаас бусад ачааны машинуудыг 11 дүгээр сарын 21 хүртэл нийслэлд зорчихыг хоригложээ. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын тал хувийг цахимаар ажиллуулж, ням гараг хүртэл төмөр зам, нисэх буудлын барилгаас бусад бүх барилгын ажлыг зогсоосон байна.
Шинэ Дели хотын агаарын чанар жил бүрийн намар эрс муудаж, дэлхийн хамгийн бохирдолтой нийслэлүүдийн тоонд Энэтхэгийн нийслэл багтдаг юм. Агаарын бохирдлын гол шалтгаан нь Шинэ Дели орчимд болон хөрш зэргэлдээ мужуудад тариалангийн талбай дээр үлдэгдэл ургамлын иш шатаадагтай холбоотой. Эндээс гарсан утаа ойролцоох хотуудыг бүрхэн агаар бохирдуулахын дээр автомашин,үйлдвэр, замын тоос ч нөлөөлдөг байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ