Финланд: Махан хоолноос татгалзана

Финландын нийслэл Хельсинки хотын захиргаа 2022 оны нэгдүгээр сараас эхлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүднээс албан ёсны арга хэмжээнүүд дээрээ махан хоол хэрэглэхээс татгалзах гэнэ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Хельсинки хотын захиргаа махан хоолноос татгалзаж, арга хэмжээний хоолны цэсэнд цагаан хоол, экологид сөрөг нөлөөгүй аргаар барьсан загас, шударга худалдааны системийн хүрээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд л багтах гэнэ.
Мөн нэг удаагийн сав, хоолны хэрэгсэл ашиглахгүй, үхрийн сүүний оронд буурцагны сүү ашиглахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ журам нь хотын семинар, симпозиум, олон нийтийн арга хэмжээ болон урилгаар оролцдог бусад арга хэмжээн дээр хэрэгжих аж.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор ийм шийдвэр гаргасан ч олон хүн шийдвэрийг таашаахгүй байгаа гэнэ. Хот эрчим хүчний үр ашиггүй бодлого хэрэгжүүлж байж хотын захиргаа ийм үйлдэл гаргаж байгаа нь ердөө л "ногоон пиар"-аас өөр юу ч биш гэж Финландын Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч, ойн эздийн зөвлөлийн тэргүүн Юха Марттила мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ