АНУ-д вакцин тариулаагүй цэргийн албан хаагчийг цол ахиулахгүй

img

Коронавирусийн халдварын тохиолдол болон нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа АНУ цэргийн албан хаагчид, төрийн байгууллагынхан зэрэг тодорхой салбарт ажиллагсадыг вакцинд албан журмаар хамруулах шийдвэр гаргаж байсан. Энэ журмын дагуу вакцинд хамрагдаагүй ажилтнуудыг түр хугацаагаар цалингүй ажлаас чөлөөлөх зэргээр хариуцлага тооцож байлаа. Харин энэ удаад зэвсэгт хүчнийхэн илүү хатуу арга хэрэглэн вакцин эсэргүүцэгчидтэй тэмцэхээр шийджээ. 

 

Defense One сонины мэдээлснээр, АНУ-ын Хуурай замын цэргийн командлал коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулахаас татгалзаж байгаа цэргийн албан хаагчдыг цол ахиулахыг хориглосон байна. Ийм тушаалыг командлагч Кристин Вормут гаргажээ. 

 

Энэ тушаалд, вакцинд хамрагдахаас татгалзаж буй цэргийн алба хаагчдын хувийн хэрэгт тусгай тэмдэглэл хийхийг шаардсан заалт орсон бөгөөд ийм тэмдэглэл хийснээр тухайн алба хаагч цаашид албан тушаал дэвших, суралцахад тэтгэлэг авах зэрэг эрхээ алддаг юм байна. Вакцинаас татгалзсан алба хаагч бүрт энэ журам хамаарна, гэхдээ эмнэлгийн заалтаар вакцин тариулах боломжгүй хүмүүст журам үйлчлэхгүй аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын хуурай замын хүчний нийт бие бүрэлдэхүүний 67 хувь, хуурай замын үндэсний гвардын 51,84 хувь нь коронавирусийн вакцины бүрэн тунд хамрагджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ