Европт халдварын дэгдэлт газар авсан ч иргэд хязгаарлалтыг эсэргүүцэн тэмцэж байна

img

Сүүлийн үед дэлхийн олон оронд коронавирусийн халдварын тохиолдол буурч байгаа ч Европ тивд нэмэгдэж, энэ бүс нутаг цар тахлын шинэ голомт болсон талаар мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Европын орнууд халдварын дэгдэлттэй тэмцэх зорилгоор хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж байгаа бол үүнийг нь эсэргүүцсэн иргэд олон мянгаараа цуглан, тэмцэж байна. 

 

Сүүлийн өдрүүдэд, Европын засгийн газруудын авч хэрэгжүүлж буй коронавирусийн эсрэг шинэ хязгаарлалтуудыг эсэргүүцэн олон мянган хүн гудамжинд жагсжээ. Зарим хотод цагдаагийнхантай мөргөлдсөн тохиолдол ч гарсан талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Тухайлбал, Брюссель хотноо коронавирусийн хязгаарлалтыг эсэргүүцсэн хамгийн том жагсаалуудын нэг болсон бөгөөд энэ жагсаалд 35 мянган хүн оролцсон гэж эх сурвалж мэдээлжээ. Улмаар жагсагчид цагдаагийнхан руу чулуу нүүлгэсэн тул цагдаагийнхан эмх замбараагүй байдлыг намжаах үүднээс нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна.

 

Жагсагчид олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ ковид-паспорт үзүүлэх журмыг эсэргүүцэн жагсчээ.Түүнчлэн шинэ журмын дагуу бельгичүүд 12 дугаар сарын дунд үе хүртэл долоо хоногийн дөрвөн өдөр зайнаас ажиллах шаардлагатай болсон юм. Мөн эмнэлгийн бүх ажилтныг албан журмаар вакцинд хамруулах журам гарсан нь ийнхүү эсэргүүцэл өдөөсөн байна. 

 

Европ тивд коронавирусийн халдварын тохиолдол хурдацтай өсөж байгаа талаар ДЭМБ өнгөрсөн долоо хоногт мэдээлж байлаа. Улмаар Европ даяар коронавирустэй тэмцэх арга хэмжээгээ чангатгахгүй бол хагас сая хүн амиа алдана гэж мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. Тиймээс Европын орнуудын эрх баригчид халдварын дэгдэлттэй тэмцэн, хязгаарлалтын арга хэмжээнүүдээ чангатгах болсон. Харин үүнийг олон оронд эсэргүүцэн, иргэдийн эсэргүүцэл эмх замбараагүй байдал болон хувирчээ.

 

Тухайлбал, Нидерланд улсад коронавирусийн тархалтыг хумих зорилгоор шинэ журам гарсан бөгөөд энэ журмын дагуу нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүр, супер маркет, эмийн сан, зоогийн газар, кафе, бар 20.00 цагт хаах шаардлагатай болжээ. Харин үсчин, гоо сайхны салон зэрэг бусад үйлчилгээний байгууллагууд 18.00 цагт хаалгаа барих гэнэ. Спортын арга хэмжээнүүдийг үзэгчгүй зохион байгуулж, боломжтой бол гэрээсээ ажиллахыг зөвлөсөн байна. 

 

Харин энэ журамтай иргэд нь санал нийлсэнгүй. Бямба гарагт Нидерландад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна. Улмаар Гаагд онц байдал тогтоон, цагдаагийнхан жагсагчдыг нохой, бороохой ашиглан тараажээ.

Гаагийн цагдаагийнхны мэдээлснээр, жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн үүссэний улмаас долоон хүн гэмтэж бэртсэний дотор тав нь хууль сахиулагчид байжээ. Мөн энэ өдөр сэрэмжлүүлэх зорилгоор агаарт хий буудах үеэр хүмүүс гэмтсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Цагдаагийнхан жагсаалыг тараах үеэрээ 20 гаруй хүнийг баривчилсан байна. Нидерландын өөр нэг хот болох Роттердамд бямба гарагт шилжих шөнө эсэргүүцэл, мөргөлдөөн гарч, олон хүн баривчлагджээ. Мөн гурван жагсагч галт зэвсгийн шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. 

 

Бусад орнууд дахь эсэргүүцэл 

Европын бусад орнуудад ч өнгөрсөн амралтын өдрүүд эсэргүүцэл, эмх замбараагүй байдал өрнөлөө. Хорватид гэхэд л олон мянган хүн ахмад насны ажилтнууд албан журмаар вакцинд хамрагдахыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. 

 

Австрийн нийслэл Вена хотод 50 мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон байна. Австрийн засгийн газар 11 дүгээр сарын 22-ны даваа гарагаас эхлэн дахин улс даяар хөл хорио тогтоож, 2022 оны хоёрдугаар сараас эхлэн коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг албан журмаар тарих болсон талаар зарласны дараа Вена хотод ийнхүү олон мянган хүнийг хамарсан эсэргүүцэл өрнөсөн байна.

 

Австрийн засгийн газар төлөвлөгөөгөө хэрэгжүүлвэл иргэдийг хууль ёсоор албадан вакцинд хамруулах анхны улс болох юм. Харин үүнийг нь иргэд эсэргүүцэж, "эрх чөлөө" шаардан, иргэдийг эсэргүүцэлд уриалжээ.

 

Карибын Гуаделуп арал дээр ч мөн эсэргүүцэл өрнөж байна. Энэ нутгийнхан ковид-паспортыг эсэргүүцэж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр үймээн үүсгэгчид арлын дэлгүүрүүдийг тонож, шатаажээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ