Байден 2024 оны сонгуульд дахин нэрээ дэвшүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх хүсэлтэй гэнэ. Үүнийг Байдены дэмжигчид болон тэрбээр өөрөө ч баталж байгаа талаар Вашингтон Пост сонин мэдээлсэн байна.
"Тэр сонгуульд дахин нэр дэвшихээр төлөвлөж байгаа гэж өөрөөс нь сонссон" хэмээн Байдены найз, өмнө нь ардчилсан намаас сенатад сонгоьгдож байсан Крис Додд мэдэгдээд Байдены энэ төлөвлөгөөнд баяртай байгаа хэмээн онцолжээ.
Дараагийн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгаа талаар Байден өөрөө ч Ардчилсан намд хандив цуглуулах арга хэмжээний үеэр ярьж байсан гэнэ. Гэхдээ Ардчилсан намын зарим гишүүд үүнд төдийлөн итгэхгүй байгаа бөгөөд Байдены өнөөгийн байр суурийг сулруулахгүй гэсэндээ дахин сонгуульд өрсөлдөнө гэсэн яриа гаргаж байна хэмээн үзэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд өрсөлдөх эсэх шийдвэрээ Байден Конгрессын завсрын сонгуулийн дараа албан ёсоор зарлаж магадгүй гэнэ. Конгрессын завсрын сонгууль нь 2022 оны 11 дүгээр сард болох юм.
Энд дуулгахад, Ерөнхийлөгч Байдены нэр хүнд сүүлийн үед ихээхэн унаж байгаа талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Олон нийтийн судалгааны дүнгээр Байдены үйл ажиллагааг сонгогчдын ердөө 36 хувь нь дэмжиж байгаа гэсэн дүн гарсан нь өмнөх үзүүлэлтээс дахин буурсан дүн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ