Талибууд эмэгтэйчүүдийн эрхийг улам хязгаарлав
Афганистаны төрийн эрхийг гартаа авсан "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид эмэгтэйчүүдийг эрхийг улам хязгаарласан шинэ журам гаргажээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ журмын дагуу телевизийн драмд эмэгтэй жүжигчид тоглохыг хоригложээ. Түүнчлэн шариатын зарчим болон Афганистаны үнэт зүйлстэй зөрчилдсөн гэж үзсэн кинонуудыг ч хориглосон байна. Шариатын хууль зөрчинө гэж үзсэн тул кинон дээр нүцгэн, хагас нүцгэн эрэгтэй ч гаргахыг хоригложээ.
"Шашныг гутаан доромжилсон эсвэл афганчуудын хувьд доромжилсон агуулгатайд тооцогдож болзошгүй" хошин шог болон цэнгээнт хөтөлбөрүүдийг телевизээр гаргахыг 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хориглосон байна. Мөн "барууны соёлын үнэт зүйлсийг сурталчилсан" гадаадын кинонуудыг ч үзүүлэхийг зогсоохоор төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн эмэгтэй сэтгүүлчид зураг авалтын үеэр толгойдоо алчуур зүүх ёстой болжээ.
Үүгээр зогсохгүй Кабул хотын дарга хотын захиргаанд ажилладаг эмэгтэйчүүдийг гэртээ байхыг зөвлөсөн гэнэ. Афганистан дахь сэтгүүлчдийн ашиг сонирхлыг төлөөлдөг байгууллагын гишүүн Хужатулла Мужаддеди энэхүү шинэ хязгаарлалтууд гэнэтийн үйл явдал болсон хэмээсэн байна. Зарим журмыг баримтлах боломжгүй, ийм заалтуудыг дагавал телевизийн компаниуд хаагдахаас аргагүй болно гэж тэрбээр ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Эргэн сануулахад, талибууд наймдугаар сарын 15-ны өдөр Афганистаны эрх мэдлийг булаан авсан бөгөөд энэ үеэс эхлээд л хатуу хязгаарлалт, хориг үйлчилнэ гэж афганчууд эмээж байлаа. Талибууд эрх мэдлийг гартаа авсан даруйдаа охид, бүсгүйчүүд сургуульд сурах шаардлагагүй гэж мэдэгдсэн юм. Ингэснээр Афганистан улс өнөөдөр хүн амынхаа тал орчим хувийг боловсрол олж авахыг хориглосон дэлхийн цорын ганц улс болж байна. Талибууд өмнө нь 1990-ээд онд төр барьж байхад мөн л эмэгтэйчүүдийг сурч боловсрох, ажил хийхийг хориглож байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ