COVID-19: Эмнэлгийн оргүй болсон Нидерланд өвчтөнүүдээ Герман руу илгээж байна

img

Нидерландад эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсны улмаас коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдээ Герман руу илгээх болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эхний өвчтөнүүдийг 11 дүгээр сарын 23-ны өдөр Роттердам хотоос хил залгаа Германы Хойд Рейн-Вестфали мужийн Бохум хот руу илгээжээ. Тавдугаар сараас хойш Нидерланд дахь коронавирусийн халдвартай өвчтөнүүд эмнэлэгт хүргэгдэх нь эрс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал хэд дахин нэмэгдсэн бөгөөд энэ байдал цаашид ч үргэлжилнэ гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байгаа гэнэ.

 

Өнгөрсөн даваа гарагийн байдлаар Нидерланд дахь эрчим эмчилгээний 1050 орноос 470 нь коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд зориулагдаж, тус улсын эмнэлгүүд хавдрын эмчилгээ, зүрхний хагалгаа зэрэг төлөвлөгөөт эмнэлгийн тусламжаа багасгахаас аргагүй болсон гэнэ. 

 

Энд дуулгахад, Нидерландын эрх баригчид коронавирусийн халдварын нөхцөл байдал муудсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дахин шинээр хөл хорио тавьсан юм. Хөл хорио 12 дугаар сарын дөрөвний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд үүнээс нэг өдрийн өмнө Засгийн газар нь хуралдаж хөл хориог сунгах эсэхийг шийдэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ