НАСА астероидыг тойрог замаас гаргах аппарат хөөргөнө

Лхагва гарагт Калифорнийн цэргийн сансрын буудлаас түүхэн дэх анхны сансрын "камиказе" гэгдэх DART аппаратыг хөөргөнө гэж ВВС мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 325 сая долларын өртөгтэй аппаратын цорын ганц зорилт нь түүнээс хэмжээгээр хавьгүй том, жингийн хувьд зүйрлүүлэшгүй их астероид руу хурдтайгаар нисэж очин мөргөж, ингэснээр сансрын биетийн нислэгийн чиглэлийг өөрчлөх явдал гэнэ.
Гарагуудын цохилтоос дэлхийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд DART төслийг НАСА Европын сансрын агентлагтай хамтран боловсруулжээ. Ингэснээр Брюс Уиллисийн тоглосон "Армагеддон" киноны үйл явдал биеллээ олохтой адил үйл явдал болох юм. Гэхдээ кинон дээр сансрын нисэгчид амь насаа золиослон дэлхийг аврахаар явдаг бол өнөөдөр сансарт хөөргөх аппарат нь нисэгчгүй, автомат удирдлагатай байх гэнэ.
Сансрын камиказе нь 780 метр диаметртэй Дидим астероид болон түүний дагуул болох 168 метр диаметртэй Диморфийн чиглэлийг өөрчлөх юм байна. Үнэндээ 2003 оноос хойш одон орончид тасралтгүй ажиглаж буй астероидуудаас аль нь ч манай гарагт аюул заналхийлээгүй байгаа гэнэ. Гэхдээ хэдэн арван сансрын биет дэлхийтэй мөргөлдөх магадлал өндөр байгаа тул гагцхүү эдгээр биетүүдийг холдуулах зорилгоор гарагийг хамгаалах механизм боловсруулахаар болсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ