Эмч нар вакцин эсэргүүцэгчдэд хандан нээлттэй захидал илгээжээ

img

Оросын 11 эмнэлгийн эмч нар коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин эсэргүүцэгчдэд хандан нээлттэй захидал бичин, тэднийг эмнэлгийн улаан бүсэд зочлон, халдвар хүндэрч ямар болдгийг өөрийн нүдээр харахыг санал болгожээ.

 

ТАСС агентлагийн нийтлэсэн нээлттэй захидал нь вакцин эсэргүүцэгчид болон тодорхой хүмүүст хандан хаягласан байна. Тухайлбал, ОХУ-ын Коммунист намын Төв хорооны тэргүүн Геннадий Зюганов, "Шударга Орос-Үнэний төлөө" намын дарга Сергей Миронов, Төрийн Думын дэд дарга Петр Толстой, жүжигчин Мария Шукшина, Екатерина Лель зэрэг улс төрийн болон урлагийн салбарын алдартнуудад эмч нар нээлттэй захидлаа хаягласан байна.

 

Коронавирусийн халдварыг эмчилж буй тэргүүлэгч эмнэлгүүдийн ерөнхий эмч, тасгийн эрхлэгч зэрэг захидлыг бичсэн эмч нар вакцин эсэргүүцэгчдийн байр суурийг мэдэж байгаа хэмээн онцолжээ.

 

"Оросын иргэдийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулахтай холбоотой та бүхний байр суурийг бид мэдэж байгаа. Бид бүгд яг одоо бага зэрэг завгүй байна, яагаад гэдгийг та бүхэн гадарлаж байгаа биз. Гэхдээ та бүхнийг олон хүн уншдаг, сонсдог, та нарын үгийг дагадаг тул  манай эмнэлгүүдийн "улаан бүс", сэхээн амьдруулах тасаг, эмгэг анатомын тасгуудаар та бүхнийг дагуулан явах цаг зав бид гаргана. Үүний дараа та байр сууриа өөрчилж, хүмүүс нас барах нь багасах байх" хэмээн захидалд өгүүлжээ.

 

Тэд ийнхүү вакцин эсэргүүцэгчдийг эмнэлгийн улаан бүсээр зочлон, нөхцөл байдлыг нүдээр харахыг урьж, захидлынхаа төгсгөлд "эмнэлэгт зочлон ирэх бол утсаар холбогдоорой" гээд холбогдох утасны дугаар үлдээсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ