
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Нанзадын Ганбаярт “Монгол Улсын Гавъяат хуульч” цол хүртээлээ.
Шинэхэн гавъяатаа Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олон ёслол төгөлдөр хүлээн авч, баяр хүргэсэн юм.
Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг Ардчилсан Үндсэн хуулийг батлахад шүүх эрх мэдлийн талаар тусгахад үнэт хувь нэмэр оруулсныг нь үнэлж, Н.Ганбаяр даргыг гавъяат хуульч цолоор шагнасныг онцлов. Мөн “Н.Ганбаяр даргыг Монголын шүүхэд танихгүй хүн байхгүй, хийсэн бүтээсэн нь ил байдаг” хэмээн хэлсэн юм.
Шинэхэн гавъяат хуульч хамт олондоо хандаж хэлсэн үгэндээ “Монголын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагад миний оруулсан хувь нэмрийг өндөр үнэлж, “Монгол Улсын Гавъяат хуульч” цолоор шагнасанд баяртай байна. Би улсад 36 жил ажилласнаас 24 нь шүүхэд, 2 нь хууль тогтоох байгууллагад, бусад нь гүйцэтгэх эрх мэдлийн байгуулагад ажиллажээ. Ардчилсан Үндсэн хуулийг 76 өдөр хэлэлцэж баталсан юм. Үүнээс шүүх эрх мэдэлтэй холбоотой хэсгийг 7 өдөр хэлэлцсэн. Миний бие нэр бүхий 28 депутатын хамт тусгай төсөл боловсруулж, хуульд оруулах санал гаргаж байсан. Бидний саналаас нэг асуудлаас бусад нь Үндсэн хуульд туссан.” гэв. Мөн шүүхэд 24 жил ажилласны 6 жил нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр, 3 жил нь Нийслэлийн шүүхийн даргаар, 9 жил нь Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 14 жил нь шүүхийн захиргааны ажилтнаар ажилласнаа дурсаад энэ хугацаанд түшиж тулж, тусалж дэмжин ажилласан хамт олондоо баярлаж байгаагаа илэрхийллээ.
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойгоор гавъяат цол хүртсэн Н.Ганбаяр шүүхийн салбараас төрсөн 20 дахь гавъяат юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ