
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд энэ сарын 13-нд хүүхдээ хаяж явсан эх баригджээ. Түүнийг өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 20-нд Хөдөлгөөнт эргүүлийнхэн баривчилсан байна.
Ховд аймгийн харьяат, оршин хаяггүй 37 настай тэрбээр хүүхдээ Эх нялхасын төрсний дараахи тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа хаяж явсан юм.
Эрүүгийн хуулийн 117.1-т төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ