Үнийн хөөрөгдлийн судалгааг хийв

img

Монголын Үйлдвэрчний эвлэлээс Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаж буй бараа бүтээгдэхүүнд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 28 болон энэ сарын 16-ны өдрийн  үнийн харьцуулалт хийжээ.

Уг судалгаанд «Хүчит шонхор», «Барс»зах, «Макс», «Миний хөрш»  зэрэг супермаркетуудыг хамруулсан бөгөөд шатахууны үнэ нэмэхээс өмнөх болон дараах байдлаар зарим нэрийн бүтээгдэхүүний үнэ эрс өссөн байна.

Тухайлбал «Алтан тариа» ХХК шатахуунаас шалтгаалж бүтээгдэхүүний үнээ нэмээгүй байхад «Макс» супермаркет тус компанийн дээд гурилыг 860 төгрөгөөр худалдаалж байснаа 1100 төгрөг болгож өсгөсөн байгаа аж. Харин «Хүчит шонхор», «Барс» захуудад «Алтан тариа»-н дээд гурил 850, 1-р гурил 700, элсэн чихэр 1600 хэвээрээ байгаа бол «атар» талх 10, 2-р гурил 50, цагаан будаа 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үйлдвэрчний эвлэлийнхний дүгнэж буйгаар зарим нэг бараа бүтээгдэхүүнийг шатахууны үнэ нэмэгдэхтэй огт холбоогүйгээр өсгөх, импортын барааны үнийг ч  мөн өсгөсөн байна.

Түүнчлэн бөөний төвүүдийн үнэ өөрчлөгдөөгүй байхад, дэлгүүр супермаркетууд үндэслэлгүй үнэ нэмж байгааг  тогтоожээ. Уг судалгааг үндэслэн импортын барааны нарийвчилсан үнийг авч, ямар бүтээгдэхүүнээс хэдэн төгрөг нэмж ашиг олж байгааг тогтоох юм байна. Ингэснээр үнийн хөөрөгдлийг бууруулах зорилгоор элдэв нэмэгдэлгүй үнээр худалдаа хийж буй аж ахуйн байгууллагыг олон нийтэд сурталчилж, дэмжих бодлогыг МҮЭХ-оос баримталж байгаа аж.

Н.Дэлгэр

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ