ВВС: Өлсгөлөнд нэрвэгдсэн афганчууд хүүхдүүдээ, эд эрхтнээ зарж байна

Олон жил хямралтай байсан Афганистанаас Америкийн цэргүүд гарсны дараа талибууд энэ орныг хяналтдаа авахаар зэвсэгт сөргөлдөөн эхлүүлж, улмаар 2021 оны наймдугаар сар гэхэд Кабул хотыг эзлэн авснаар Афганистанд бүрэн хяналтаа тогтоосон юм. Энэ үеэс эхлэн олон улс Афганистанд үзүүлэх тусламжаа зогсоож, энэ улсын хөрөнгө оруулалтыг царцаан, талибуудын явуулсан бодлогын улмаас Афганистанд ядуурал өлсгөлөн нүүрлээд байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа. Нөхцөл байдал нэн хүндэрч, афганчууд эд эрхтэн, үр хүүхдээ зарж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.
ВВС агентлагийн нийтлэлд өгүүлснээр, Афганистаны зарим иргэд хүүхдүүдийнхээ өлсгөлөнг мартуулахын тулд нойрсуулах эм өгч, нөгөө хэсэг нь амин зуулгаа залгуулахын тулд охидоо эсвэл эд эрхтнээ зарж байгаа аж. Талибууд төрийн эрхэнд гарсан энэ оронд гаднаас ирэх мөнгөн урсгал бүрэн царцаж, өвлийн улирал эхлэхтэй зэрэгцэн олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай тулгарчээ.
ВВС агентлагийн сурвалжлагч Афганистаны 10 гаруй оршин суугчтай ярилцсан байна. Тэдний нэг болох Абдул Вахабын өгүүлснээр, хүүхдүүд нь өлсөж, уйлдаг тул тайвшруулах эм өгч унтуулдаг гэнэ.
"Хүүхдүүд тасралтгүй уйлж, унтаж чаддаггүй. Гэвч тэднийг цатгах хоол бидэнд байхгүй. Тиймээс л эмийн сан орж, эм аваад, хүүхдүүддээ өгөхөөс аргагүй болдог" хэмээн Абдул Вахаб ярьжээ.
Абдул Гератын орчимд амьдардаг. Энд дайн, байгалийн гамшгаас зугтан очсон хүмүүсээр дүүрэн жижиг суурин үүссэн аж. ВВС агентлагийн сурвалжлагч Абдул болон бусад эрчүүдээс тэдний хичнээн нь хүүхдүүддээ тайвшруулах эм өгдөг талаар асуухад "Бидний ихэнх нь" хэмээн тэд хариулжээ. Тэдний нэг болох Гулям зургаан хүүхэдтэй, бага нь ердөө нэг ойтой, гэсэн ч тайвшруулах эм өгч хүүхдүүдээ унтуулдаг талаар сурвалжлагчид ярьсан байна.
Афганистаны оршин суугчид депресс эмчлэх, түгшүүрийн мэдрэмжийг дарах үйлчилгээтэй эмнүүдийг хүүхдүүддээ өгдөг аж. Ийм эмийг өлсгөлөн хүүхдүүдэд өгвөл хүүхдийн элэг гэмтэж, архаг сульдаанаас эхлээд нойргүйдэх, зан байдал өөрчлөгдөх зэрэг эмгэгүүд илэрдэг талаар эмч нар анхааруулдаг ч өлсгөлөнд нэрвэгдсэн нутгийн иргэдэд өөр гарах гарц үгүй.
Нутгийн эмийн сангаас нэг зүсэм талхны үнээр буюу 10 афганигаар таван эм авч болно. Тиймээс л хэнд ч хүрэлцэхгүй зүсэм талх авахын оронд эм авч хүүхдүүдээ унтуулдаг аж. Эндэхийн эрчүүдэд ажил олддоггүй, зарим үед өдөрт 100 афгани буюу нэг доллар гаруй хөлстэй ажил олж хийх аз тохионо. Тиймээс л ийм хүнд нөхцөлд гэр бүлээ тэжээхийн тулд хамгийн эцсийн аргаа ч хэрэглэх нь олонтаа гэнэ. Ийм аргуудын нэг нь бөөрөө зарах.
Аммар гэх эрийн ярьснаар гурван сарын өмнө тэрбээр өрөөсөн бөөрөө заржээ. "Надад өөр арга байгаагүй. Нэг эмнэлэгт бөөрөө зарж болно гэж дуулсан. Тийшээ очоод бөөрөө зармаар байгаагаа хэлсэн юм. Хэдэн долоо хоногийн дараа намайг эмнэлэгт дуудаж, шинжилгээ аваад, дараа нь мэдээ алдуулсан. Үнэхээр аймшигтай байсан ч надад өөр гарц байгаагүй" хэмээн Аммар ВВС агентлагт ярьжээ.
Аммарын өгүүлснээр, өр зээлээ өгөхийн тулд тэрбээр гурван сарын өмнө бөөрөө зарсан аж. Түүний бөөрийг 270 мянган афгани буюу 3100 орчим доллараар авсан бөгөөд энэ мөнгөнийн ихэнхийг тэрбээр гэр бүлээ тэжээхийн тулд тавьсан өр зээлээ дарахад зарцуулсан аж.
Эд эрхтнээ зарах нь Афганистаны хувьд шинэ үзэгдэл биш. Талибууд төрийн эрхэнд гарахаас ч өмнө ийм үзэгдэл түгээмэл байжээ. Афганчууд арга ядахдаа ийм аргыг сонгодог ч амьдрал нь сайжрах нь үгүй. ВВС агентлагийн сэтгүүлчид мөн л бөөрөө зарсан залуу эмэгтэйтэй уулзсан байна. Тэрбээр хэдэн жилийн өмнө хонь авахаар өр тавьжээ. Энэ өрөө дарахын тулд таван сарын өмнө бөөрөө зарсан аж. Гэвч хэдэн жилийн өмнө өр тавин байж авсан хонин сүрэг нь үерт өртөн үрэгдэж. Ингээд энэ гэр бүлийнхэн орлогын эх үүсвэрээ алдсан байна. Залуу ээж бөөрөө зарж 240 мянган афгани олсон ч өрөө дарж хүрээгүй гэнэ.
"Одоо биднийг хоёр настай охиноо зар гэж шаардаж, шахаж байгаа. Бидэнд мөнгө зээлсэн хүмүүс өдөр бүр биднийг шахаж дарамтлан, өрөө төлж чадахгүй бол охиноо өгөхийг шаардаж байгаа" хэмээн залуу бүсгүй ярьсан бол түүний нөхөр "Би ийм байдалд байгаадаа үнэхээр ичиж байна, гутамшигтай байна. Заримдаа ингэж амьдрахаар үхсэн нь дээр мэт санагдах юм" хэмээжээ.
ВВС агентлагийн сэтгүүлчид сурвалжлага хийж явахдаа охидоо зарсан гэр бүлтэй нэг бус тааралдсан аж. Тэдний нэг болох Низамуддин таван настай охиноо 100 мянган афганигаар заржээ. Өөр нэг айлын охин болох Назия одоо гэр бүлтэйгээ амьдардаг ч хэдийнэ бусдад зарагдсан аж. Тэрбээр 14 нас хүрэхээрээ гэрээсээ явж, нөхөрт гарах ёстой. ВВС агентлагийн сурвалжлагад гарч буй эдгээр жишээнүүд ердөө цөөн нь. Нөхцөл байдал нэн хүндэрсэн, улс орнууд Афганистанд туслах шаардлагатай байгаа талаар олон улсын тусламжийн байгууллагууд уриалсаар байна.
НҮБ-ын 2022 оны тавдугаар сард гаргасан тайланд өгүүлснээр мэдээлснээр, Афганистаны 18 сая хүн өлсгөлөнгийн ирмэгт амьдарч байгаа аж. Энэ улсад нүүрлэсэн ган гачиг, эдийн засгийн хямралаас эхлээд Украины дайн хүртэл өнөөгийн хүнсний хомстолд нөлөөлжээ. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн 11 дүгээр сард мэдэгдэл хийхдээ "Афганистаны оршин суугчдын 95 хувь нь хангалттай хоол тэжээл авч чадахгүй байна, цаашлаад 23 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай. Дараагийн зургаан сар сүйрлийн сар болж, энэ нь дэлхий дээрх там болж хувирна" хэмээн анхааруулж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ