Тавантолгой ХК-ийн хуурамч тайлан гаргасан, татвараас зайлсхийсэн хэргийг сэргээн шалгана
2022-12-12

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд орон нутгийн “жижиг” Тавантолгой ХК-д холбогдох хэргүүдийн талаар өнөөдөр /2022.12.12/ мэдээлэл өгөв.

 

 

Тавантолгой ХК-ийн 51 хувийг орон нутаг, 19.69 хувийг Ажнай корпораци, 16.31 хувийг Шандас импекс ХХК, 13 хувийг үнэт цаас эзэмшигчид эзэмшдэг юм байна.

 

1.Цагдаагийн байгууллага Тавантолгой ХК-иас нүүрс худалдан авсан ААН-үүд худалдсан авснаасаа илүү хэмжээгээр экспортолдог, Гашуунсухайтыг боомтоор гаалийн улсын байцаагч, хилийн  цэрэг, авто тээврийн байгууллагын албан тушаалтнууд бүртгэлгүй нүүрс гаргаж, хөрөнгө завшиж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгасан.

 

Гашуунсухайт хилийн боомтоор 2013-2017 оны хооронд  296 ААН-ийн  7 373 тээврийн хэрэгсэл 32 230 удаагийн давтамжаар хоосон гарсан бүртгэл байна. Үүнээс Монгол Улсын 19, БНХАУ-ын 27 аж ахуйн нэгж Тавантолгой ХК-тай хийсэн гэрээний хэмжээнээс 942 мянган тонноор илүү нүүрс экспортолсон нь төрийн байгууллагын баримт бичиг, аудитын дүгнэлтээр тогтоогдоод байна. Одоогийн байдлаар 46 компанийн үйлдэл тогтоогдоод байна.

 

2013-2017 оны хооронд хилийн боомтоор нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл, экспортолсон нүүрсний тухай ГЕГ, ХХЕГ-ын мэдүүлгүүд хоорондоо зөрж байгаа. Жишээлбэл, Гаалийн ерөнхий газарт бүртгэгдсэн автомашин ХХЕГ-т өөр дугаараар бүртгэгдсэн. Мөн бүртгэгдсэн дугаарыг шүүхээр приус, фортер маркийн машин гарч ирдэг.

 

 

2.Тавантолгой ХК нь Ашигт малтмалын тухай болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 мянган тонн нүүрс олборлож, 20 орчим сая ам.долларын хохирол учруулсан байж болзошгүй гэсэн хэргийг шалгасан. Энэ хэрэгт геологи маркшейдерийн гурван удаагийн хэмжилт хийж, Тавантолгой ХК дөрөвдүгээр уурхайн хойд хэсгээс 26.3 мянган тонн, зүүн хэсгээс 233.4 мянган тонн, баруун хэсгээс 8.2 мянган тонн нийт 268.3 мянган тонн нүүрс олборлосныг тогтоосон. Үүний 63 мянган тонн нь коксжих, 204 мянган тонн нь исэлдсэн нүүрс байсан. Ажлын хэсэг энэ хэргийг шалгаад, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр АТГ-д шилжүүлж, шалгаж байна.

 

Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нүүрс худалдан авсан ААН-үүдтэй хуйвалдан борлуулсан нүүрснийхээ хэмжээг санаатайгаар багасган, хуурамч тайлан мэдээ гаргах, ААН-үүд нь нүүрс экспортлохдоо гаалийн байгууллагатай хуйвалдан гаальд мэдүүлэхгүйгээр хууль бусаар хил нэвтрүүлэх аргаар татвар төлөхөөс зайлсхийх, төрийн өмчийг завших гэмт хэрэг үйлдсэнийг гаалийн байцаагчийн дүгнэлтээр тогтоосон. Энэ хэргийг прокурорын байгууллага 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, хаасан. Уг хэргийг сэргээн шалгахаар улсын прокурорт татаж авсан мэдээлэл бидэнд байгаа.

 

Цагдаагийн 75 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК-тай холбоотой хэргүүдийг шалгаж байна. 

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Тухайн үед хэргийг нь шалгаагүй хааж дарсан хуулийнхан авлигал авсан нь тодорхой тул тэднийг ч мөн шалгаж шийтгэ.
2022-12-13
Үнэнийг нь хэллээ:
Зөв шүү хуурамч тайлан гаргаад олон тэрбумын татвараас зайлс хийсэн бол Захирал Еранхий нябо ... гээд бүгдийг нь арга хэмжээ авч авлигийг мөнгийг нь эргүүлж төлөөүл
2022-12-12