АНУ-ын албан тушаалтнууд ТикТок ашиглах эрхгүй болов
2022-12-16

Америкийн Жоржия мужийн захирагч Брайан Кемп орон нутгийн төрийн албан тушаалтнуудыг албаны төхөөрөмжөөр ТикТок, Телеграм ашиглахыг хоригложээ. Энэ талаар NBC суваг мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, тус мужийн захиргааны өмчийн эсвэл түрээслэдэг бүхий л төхөөрөмжөөс ТикТок, Телеграм, Вичат гэсэн олон нийтийн сүлжээ рүү нэвтрэхийг хориглосон байна. ТикТок сүлжээ нь хэрэглэгчдийн мэдээллийг хянаж, хадгалж байж болзошгүй тул ийм шийдвэр гаргасан гэж Кемп мэдэгджээ.

 

"Хятадын компаниудаас улсын тагнуулд мэдээлэл өгөхийг шаарддаг Үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу эдгээр сүлжээнээс Хятадын засгийн газар мэдээлэл авах боломжтой" хэмээн Жоржия мужийн захирагч мэдэгджээ.

 

Түүнчлэн Вичат болон Телеграм сүлжээнүүдийн тухайд ч мэдээлэл алдагдах аюултай гэж тэрбээр онцолсон байна. Үүнээс өмнө, 12 дугаар сарын 14-ний өдөр  АНУ-ын Сенат холбооны засгийн газрын байгууллагуудад хамаарах ухаалаг төхөөрөмжөөр ТикТок ашиглахыг хориглох хуулийг дэмжсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин