Макрон маргаантай хуулийг түлхэж, Парист эмх замбараагүй байдал дэгдэв
2023-03-17

Францад тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг танилцуулснаас хойш үүнийг эсэргүүцсэн иргэд жагсаал, ажил хаялт зарласаар ирсэн. Хэдийгээр ард иргэдийнх нь дийлэнх нь эсэргүүцэж байгаа ч тус улсын ерөнхийлөгч Макрон энэ хуулийг батлах шаардлагатай гэж парламентынханд үүрэгдэж, улмаар Парламентын доод танхим болох Үндэсний ассамблейд санал хураалтгүйгээр төслийг дэмжсэнээр Парис хотноо үймээн дэгдлээ. 

 

Францчууд энэ хуулийн төслийг анхнаас нь л дэмжээгүй юм. Улмаар эсэргүүцэл илэрхийлэн орон даяар жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарлаж байлаа. Харин Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ шинэчлэлийг хийхгүй бол хүн ам хөгширч, тэтгэврийн хөрөнгийн хомсдол нэмэгдэж байгаа энэ үед эдийн засаг нь доройтно гэж үзсэний улмаас хуулийг түлхсэн юм.

 

Хуулийн төслийг дэмжсэний дараа эсэргүүцэл дахин сэргэлээ. Парисын төв талбай болон түүний ойр орчимд жагсагчид овоолсон хог шатаан, цагдаагийнхан руу чулуу нүүлгэсэн байна. Үүний хариуд цагдаагийнхан усан буу, нулимс асгаруулагч хий ашиглажээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Парист орон нутгийн цагаар 21 цаг орчимд бамбай, бороохойтой цагдаагийнхан эсэргүүцэгчдийн ихэнхийг талбайгаас шахан гаргасан ч хэсэг хүмүүс талбай дээр үлджээ. 

 

Энэ үйл явдал болохоос өмнө, пүрэв гарагийн өдөр Сенат энэ хуулийн төслийг дэмжсэн юм. Ингээд Үндэсний ассамблейн чуулганаар хуулийг хэлэлцэх ёстой болсон бөгөөд чуулган эхлэхийн өмнө Ерөнхийлөгч Макрон хуулийг санал хураалт явуулахгүйгээр дэмжих хүсэлтийг Ерөнхий сайдад тавих Үндсэн хуулийн онцгой эрхээ эдлэхээр шийдсэн аж. 

 

"Ирээдүйн тэтгэврийн тогтолцоон дээр бид мөрий тавьж болохгүй, энэ шинэчлэл нэн шаардлагатай" хэмээн Францын Ерөнхий сайд Элизабет Борн парламентад үг хэлэх үеэрээ онцолжээ.

 

Макроны сонгуулийн өмнөх амлалт

 

Тэтгэврийн шинэчлэлийн дагуу Францанд тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлж байгаа бөгөөд 41,5 жил ажилласан хүн тэтгэвэрт гардаг байсан бол энэ хугацааг 43 жил болгон нэмэх юм.

 

Энэ хууль Францын Ерөнхийлөгч Макронд нэн чухал гэж ажиглагчид үзэж байна. Учир нь тэрбээр өнгөрсөн онд сонгуулийн өмнөх кампанит ажил явуулахдаа улс орныхоо эдийн засгийг дэлхий дахинаа өрсөлдөхүйц болгхо амлалт өгсний дээр "Франц улс илүү их ажиллах ёстой" хэмээн мэдэгдэж байв.

 

2022 оны зургадугаар сард илт зөрүүгүйгээр ялсан Макроны нам парламентад олонхын санал аваагүй, одоо тэрбээр цөөнхийн засгийг тэргүүлж байгаа юм. Түүний нэр хүнд улс орондоо ихэхэн унасан бөгөөд энэ хуулийн төслийг батлуулж чадахгүй бол Макроны хувьд хүндхэн цохилт болох байсан гэж ажиглагчид үзэж байна.

 

Харин ард түмний дунд тэтгэврийн шинэчлэлийг ихээхэн эсэргүүцэж байгаа юм. Олон нийтийн санал бодлын судалгаагаар, францчуудын 2/3 орчим нь огт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Улмаар сүүлийн хагас сард Францад төрийн албан хаагч, тээвэр, газрын тосны салбарын ажилтнууд, багш, боомтын ажилтнууд ажил хаясан юм. Хамгийн өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал гуравдугаар сарын долооны өдөр болсон бөгөөд энэ өдөр Францын олон хотод болсон жагсаалд нийтдээ 1,3 сая хүн оролцжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich
2023-03-17