Д.Тогтохсүрэн: Сонгуульд амжилтгүй оролцсон намыг ИДЭВХГҮЙ байдалд шилжүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг даваа гарагийн ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хуралдааанар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байгаа. Сүүлийн 20-иод жилд анх удаагаа шинэчилсэн найруулгаар орж ирж байгаа томоохон төсөл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний эв нэгдлийг хангах чиг үүргийн дагуу энэ хуулийн төслийг өргөн барьсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд парламентад байгаа болон парламентаас гадна байгаа улстөрийн намууд энэ хуулийн төсөл дээр хамтарч ажилласан.
Хуулийн төслийг дараах 4 онцлогтой байхаар боловсруулсан байна.
-
Нэгдүгээрт, Улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд томоохон өөрчлөлтийг оруулж байна. Төрийн үйл хэрэгт оролцож байгаа учраас улс төрийн намуудын хариуцлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, УИХ-ын сонгуульд хоёр дараалан оролцоогүй тохиолдолд идэвхгүй байдалд шилжүүлэх, улмаар хариуцлага тооцож, тараах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар хуулийн төсөлд тусгасан
-
Хоёрдугаарт, Улс төрийн намууд нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой
-
Гуравдугаарт , Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох, тайлангаа гаргаж, аудитын байгууллагаар дүгнүүлдэг тогтолцоог бий болгох талаар хуульд тусгасан
-
Дөрөвдүгээрт, Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд хариуцуулж байна
Хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ