Петрочайна Дачин Тамсаг компаниас химийн бодисыг зөвшөөрөлгүй ашигласан зөрчил дахин илэрлээ
2023-05-30

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Петрочайна Дачин Тамсаг компанид хийсэн шалгалтын үр дүнгийн талаар өнөөдөр /2023.05.30/ мэдээлэл хийлээ.

 

 

Шалгалтыг 

 

-Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлангийн хэрэгжилт

-Байгаль орчны менежементийн төлөвлөгөөний хэрэгжилт

-Ус ашиглалтын гэрээний хэрэгжилт

Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөлтэй эсэх гэсэн асуудлын хүрээнд хийсэн байна.

 

Хяналт шалгалтаар иэрсэн зөрчил

 

- 21 дүгээр талбайн хаягдал усыг Дорнод аймгийн стандарт хэмжилзүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд Хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усны бохирдуулагч бодисын тухай Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байна. Шинжилгээний дүнг хаягдал усны жишиг хэмжээтэй тооцоход ус бохирдуулсны төлбөр тавих зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс ус бохирдуулсны төлбөр тавьж, нөхөн төлбөр ногдуулсан.  

 

-19 дүгээр талбайн хаягдал ус мөн стандартын шаардлага хангахгүй байна. Энэ талбайд бохирдуулсны төлбөр тавьж, нөхөн төлбөр ногдуулсан.  

 

- Байгаль орчны менежементийн төлөвлөгөө батлагдаагүй байсан. Хоёр цэгт зөвшөөрөлгүй худаг гаргасан, нэг цэгийн худгийн тоолуурын лац хөндөгдсөн, барилга байгууламж нь нурж, ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй байна.

 

-Ус ашигласны төлбөрийг цаг хугацаанд нь хийдэггүйгээс шалтгаалж, 2021 оны 09 дүгээр сар, 2022 оны 03 дугаар сар, 2023 онд гурван сар ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй байх үедээ үйлдвэрийн зориулалтаар ус ашигласан байна.

 

-Үйл ажиллагаанаас үүссэн хог хаягдлыг бүрэн ангилан ялгадаггүй, туслан гүйцэтгэгчид нь хог хаягдлыг тогтоосон цэгт хаядаггүй, хог хаягдал хариуцсан мэргэжилтэнгүй байна.

 

-19 дүгээр талбайд тусгай зөвшөөрлийн жагсаалтад ороогүй магни сульфат, хөнгөн цагааны сульфат гэсэн хоёр химийн бодис, 19 дүгээр талбайд ус шахах процесст ашиглах тосгүйжүүлэгч, гадаргуу дээрх хальсан бүрхүүлэн тосыг цэвэрлэх бодис, цэвэршүүлэхэд ашигладаг дөрвөн нэр төрлийн химийн бодис, фолимерийн станцад гурван төрлийн химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан. Химийн бодистой харьцах үйл ажиллагааг зориулалтын байр талбайд явуулаагүй, химийн бодистой харьцах мэргэжлийн ажилтангүй байна.

 

Химийн бодисуудыг харуул хамгаалалттай нэгдсэн байранд шилжүүлж, лацадсан байна. 

 

Ажлын хэсгийн дүгнэлт:

 

-Петрочайна Дачин Тамсаг компанийн 19, 21 дүгээр талбайн ахуйн бохир ус, цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэршүүлсэн бохир ус нь Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байна. 

 

-Химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан зөрчил дахин илэрлээ. 

 

-Петрочайна Дачин Тамсаг компанийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны дүгнэлт, гэрээг хугацаанд нь байгуулдаггүй. 

 

 

Авсан арга хэмжээ:

 

-Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй зөрчилд нь 500 нэгжээр торгосон.

 

-Хог хаягдлыг ангилан ялгадаггүй, хаягдал ус стандартын шаардлага хангадаггүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй зөрчилд 30 мянган нэгжээр торгожээ.

 

-Усыг зөвшөөрөлгүй, гүний усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан зөрчилд Зөрчлийн хэрэг үүсгэж, 5000 нэгжээр торгох шийтгэл оноосон.

 

-Зөвшөөрөл химийн бодис ашигласан асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн, хэрэг үүсгэн шалгаж байгааг БОАЖЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох хэллээ.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин