Х.Нямбаатар: Г.Ган-Очирын газар гишгэж, гал үлээхээс бусад нь бүгд худлаа

Франц улсад хоригдож байгаа Г.Ган-Очир өнөөдөр утсаар мэдээлэл хийж, Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар түүнийг гаргаж авах боломжтой талаар ярьсан. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Г.Ган-Очир гэдэг хүний талаар хэлэх үг олдохгүй байна. Би Франц улсын хууль сахиулах байгууллагад нөлөөлөх боломжгүй.
Энэ хүний газар гишгэж, гал үлээхээс бусад нь бүгд худлаа. Энэ хүн дотроо хүнтэй гэрийг гаднаас нь шатаах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан. Гэр бүлийг санаатайгаар алах гэмт хэрэг үйлдсэн энэ хүн ирж, шалгуулах ёстой. Өөр ч олон үйлдэл бий.
Франц улсад болсон хэрэг явдлын талаар тэнд байгаа Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан. Энэ хүн хил зөрчиж, Европын холбоо руу нэвтэрсэн. Мөн тэнд амьдардаг монголчуудын Шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүнээ зодож, хүчирхийлэл үйлдсэн. Ийм үндэслэлээр Франц улсын хуулийн байгууллага хариуцлага хүлээлгэсэн гэсэн мэдээлэлтэй байна.
Манай талаас энд гэмт хэрэгт шалгагдах ёстой, шилжүүлж өгөхийг хүссэн бичгээ өгсөн байгаа" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ