Зайсан орчмыг дахин төлөвлөхөөр 350 сая төгрөгийн тендер зарлалаа
2023-09-28

Өнгөрсөн долоодугаар сард нийслэл хот үерийн гамшигт нэрвэгдэж, маш олон иргэн аж ахуйн нэгж хохирол амссан. Тухайн үед хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотод үүсээд байгаа нөхцөл байдал бол төлөвлөлтийн алдаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ялангуяа газар олголттой холбоотой асуудал. Зайсан, Яармаг орчимд үе үеийн БОАЖЯ-ын сайд нар түр отоглох, отоглох гэдэг хууль зүйн томьёоллоор газар олголтыг одоог хүртэл хийгээд явж байгаа" хэмээн мэдэгдэж байв. 

 

 

Тэгвэл нийслэлийн Худалдан авах ажиллагааны  газраас Зайсан орчмыг ерөнхий төлөвлөгөө хийлгэхээр тендер зарласан байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө буюу нийслэлийн татвар төлөгчдий мөнгөөр хийгдэх энэхүү ажилд 350 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Хан-Уул дүүрэг Зайсан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар ийнхүү тендер зарласан байна. 

 

Жилийн өмнө нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Хан-Уул дүүргийн 11, 22-р хороо буюу Зайсан орчмыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийлгэхээр 150 сая төгрөгийн тендер зарлаж байв. Тухайн үед уг тендер нь Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө, хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны баримт бичгийн хүрээнд хийгдэж байгаа ажил хэмээх тодотголтой байв. Ийнхүү хоёр жил дарааллан зарлагдаж, төсөвт өртөг нь нэмэгдсээр байгаа Зайсан орчмыг төлөвлөх ажил хэзээ цаасан дээр буух нь тодорхойгүй байна.

 

Хотын үе үеийн удирдлагуудын алдаа завхралын үр дүнд цементен ширэнгэ болсон Зайсан орчмыг төлөвлөнө гэдэг нийслэлийн удирдлагын багынхны ээлжит биелэгдэшгүй даалгавар юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Баянаа:
Зайсангийн айлууд гүний худгаас усаа татдаг, усан сан байгуулж өгнө гээд МАН-аас УИХ-д гишүүн болсон нөхдүүд таг чиг байсаар сонгууль болох гэж бна. Усан сан байгуулж байж усны асуудлыг нь шийдвэрлэх ёстой юм бна лэ. Юу ч хийсэнгүй, одоо өөр газарт нэр дэвшээд алга болох биз.
2023-09-28