
Хилийн 0287 ангийн дугаар заставын хариуцсан хэсгээр энэ сарын 23-ны 13 цагийн орчимд Хил орчмын дэглэмийн биелэлтэд хяналт шалгалт тавих, ХЗНБГО-нд үзлэг хийх зорилгоор томилогдсон ахлах дэслэгч Л.Лхагва ахлагчтай манаа “Шадын ам” хэмээх газар улсын хилээс 4.5 километрт Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо, Агац багийн иргэн Загдын Доржпүрэв, Адъяагийн Болор, Шижирийн Зориг нар зургаан нохой дагуулан, зэвсэглэж морин уналга ашиглан ан хийх зорилгоор явж байсныг хилийн манааны өнгөлөн далдлалтыг зөв ашигласнаар саатуулсан байна.
Уг этгээдүүд нь өөрсдийгөө ан хийх бус адуундаа явж байгаа хэмээн тайлбарлаж байжээ. Дээрх этгээдүүдийн зэвсгийг хураан ангийн байрлалд татан авч Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч шийтгэвэр оногдуулан Хилийн тухай хуулийн холбогдох заалтуудыг танилцуулав.
Тус отрядын хариуцсан хэсэгт жилийн бүх улиралд ан хийх зугаалж аялах зорилгоор гадаад дотоодын иргэд их хэмжээгээр зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй явах нь ихэсч байна. Энэ оны есөн сарын байдлаар манай хариуцсан хэсэгт гуравдагч орны 60 гаруй жуулчин ирсэн. Үүнээс гадна зөвхөн Хятадаас 70 гаруй иргэн жуулчлах нэрээр ирээд байгалийн болон түүхийн дургалт газруудын зураг аваад явсан байна. Дээрхи хятадуудад газарчилж явсан нутгийн зарим иргэдийн яриагаар газрын доорхи баялаг, эртний цэргийн булш хирэгсүүр судлах шинжилгээний ажил хийгээд явсан гэх мэдээлэл байдаг. Энэ талаар орон нутгийн цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж тийм зорилготой зорчигчдод тавих хяналт шалгалтыг идэвхижүүлэх шаардлагатай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ