Цагдаагийн байгууллагад цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 204 хэрэг шалгагдаж байна. Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэхээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, 3508 домейн хаягийн хандах эрхийг хязгаарлаж, 4.6 тэрбум төгрөгтэй 2715 дансыг царцаасан байна. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулсан 102 фэйсбүүк групп, пэйж, домейн хаягийг устгах хүсэлтийг ХХЗХ-нд хүргүүлжээ.
Цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Долоо хоног бүр шалгалт явуулж, энэ хугацаанд 1-2 бүлэглэлийг эрүүгийн хариуцлагад татаж байна. Энэ оны 10, 11 дүгээр сард мөрийтэй тоглоом зохио байгуулсан 7 бүлгийн 29 хүнийг дайчлан баривчилсан. Тэд хууль бусаар олсон орлогоороо их хэмжээний эд хөрөнгө худалдаж авсан, цагдаагийн албан хаагчид, зохицуулагч байгууллагуудад нөлөөлөхийг оролдсон. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь их хэмжээний мөнгөтэй, үүгээрээ хууль бус үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжүүлэх аргыг өдөр бүр сэдэж, бидний эсрэг ажиллаж байна” гэдгийг хэлэв.
Мөн тэрбээр цахим мөрийтэй тоглоом тоглогчид тасралтгүй өсөхийн хэрээр мөнгөө алдсан хохирогчид ч тасралтгүй өсөж байгааг хэллээ. Цахим мөрийтэй тоглоом бол Монгол Улсын иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа ноцтой залилангийн гэмт хэрэг гэдгийг хэлж, цахим мөрийтэй тоглоом тоглоод нэг ч төгрөг хожихгүйг хатуу анхааруулж байна.
Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэхээр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг газар болгон өргөтгөсөн. Энэ газрын бүтцэд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг байгуулж, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гомдол мэдээллийг 24 цагаар авах аж. Тиймээс иргэд цахим мөрийтэй тоглоомтой холбоотой мэдээллийг 102 дугаарын утсаас гадна Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төв гэсэн фэйсбүүк хуудсаар өгөх боломжтой.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь 1-3 жилийн хорих ялтай. Харин мөрийтэй тоглоомын газар байгуулвал 5 хүртэлх ялын хорих ял сонсоно.
Харин иргэн та цахим мөрийтэй тоглоом тогловол Зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгуулж, олсон орлого, тоглосон хэрэгслээ хураалгах хуулийн зохицуулалттай.
Уншиж байна |