Манай орон байгалийн эрс тэс уур амьсгалтай. Тиймээс дулааны улирал эхлэхээр нар шарж, зарим үедээ шороо шуурах зэрэг байгалийн төрөл бүрийн араншныг үзүүлдэг. Харин энэ үед хүний биеийн эмзэг эрхтэн болох нүдээ хамгаалах шил зүүх хэрэгтэй байдаг. Зөвхөн халууны улиралд ч гэлтгүй өвлийн улиралд нарны шилийг зүүх нь агаарын бохирдол болон хуурайшилтаас сэргийлэх олон давуу талтай хэмээн "Оч гялбаа" хараазүйн төвийн эмч А.Анартай онцлон ярьлаа.
- Хүмүүс нарны шилийг ихэвчлэн хавар, зуны улиралд зүүдэг шүү дээ. Ер нь нарны шилийг ямар нөхцөлд зүүх нь илүү тохиромжтой вэ?
- Нарны хар шилийг зөвхөн зуны үед зүүх хэрэгтэй гэж хүмүүс боддог боловч нүдээ хуурайшихаас хамгаалан өвөл ч гэсэн зүүх шаардлагатай байдаг. Нэн ялангуяа агаарын бохирдол ихтэй хот суурин газрын хүмүүсийн нүд өвлийн хүйтэнд цочролд орж, эмзэглэх нь олонтоо тохиолддогийг анхаарах ёстой. Өвлийн хүйтнээс үүдэн чийгжилт ихээхэн буурдаг тул нүд хуурайших нөхцөлийг бүрдүүлдэг. Нүд хуурайшсанаас болж, элдэв төрлийн нүдний өвчний бактери үржих нөхцөлийг бүрдүүлж, нүд загатнах, хавдах, харшил үүсэх эх үндсийг тавьдаг.
- Нарны шилийг бүх насныхан зүүх шаардлагатай юу, эсвэл тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг уу?
- 45 наснаас дээш насны хүмүүс нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шилийг зайлшгүй зүүх шаардлагатай байдгаас гадна хүн болгон тэр тусмаа бага насны хүүхэд хүртэл нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил зүүх шаардлагатай байдаг.
Цаашлаад, Хүйтний улиралд дунд насны буюу нэн ялангуяа эмэгтэйчүүд нарны шил зүүх шаардлагатай бөгөөд учир нь тэд нарын нулимс ялгаруулах чадвар нь бусад насны хүмүүстэй харьцуулахад хязгаарлагдмал байдаг тул нүд хуурайших, хуурай нүдтэй байх нь илүү элбэг тохиолддог.
- Гадуур зарагддаг нарны шилнүүд чанарын шаардлага хангадаг уу. Ер нь нарны шилийг дотор нь хэд ангилдаг юм бэ?
- Нарны шилийг энгийн, туйлшруулагч, хэт ягаан туяаны гэж ангилж болно. Энгийн шил нь хуванцар буюу дахин боловсруулсан пластикаар хийгддэг. Энэ бол гадуур зарагддаг нарны шил бол хуванцар буюу дахин боловсруулсан пластикаар хийсэн энгийн шилнүүд байдаг. Энэ шилнүүд хүний нүдийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах үзүүлэлтгүй. Цайвар өнгийн нүдтэй хүний нүд улайж, торлог нь гэмтэх эрсдэлтэй. Харин тухайн нарны шилний гэрээт газруудад зарагддаг шилэнд нарны хэт ягаан туяанаас хамгаалах, нарны ойсон гэрлийг сарниулах ч гэдэг юм уу өөр өөр үзүүлэлттэй байдаг.
- Нарны хэт ягаан туяанаас хамгаалах үзүүлэлттэй шил гэдгийг нь хэрхэн таних вэ?
- Нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил нь 380 нано метрээс 400 нано метрийн хэт ягаан туяаг шүүх зориулалттай байдаг. Тиймээс нарны хэт ягаан туяаг 100 хувь шүүж нүдэнд зөвхөн үзэгдэх гэрлийг л хүргэж байна гэсэн үг юм. Ийм шилийг таних хоёр арга байдаг.
Нэгдүгээрт, нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шилнүүд "CE" гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нарны хэт ягаан туяанаас 100 хувь хамгаална гэсэн тэмдэглэгээ юм. Мөн үүнээс гадна "UV protection 400" гэсэн тэмдэг байна. Нэг үгээр хэлбэл, нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шил мөн эсэхийг тэмдэглэгээгээр нь таньж болно гэсэн үг.
Хоёрдугаарт, тэмдэглэгээнээс гадна гялбааны хамгаалагч тестээр шалгуулах боломжтой. Шил худалдан авах гэж байгаа газартаа нарны хамгаалалттай эсэхийг шалгуулаад сонгож авч болно гэсэн үг.
- Нарны шилний төрөл бүрийн өнгөтэй байдаг шүү дээ. Өнгөнөөсөө шалтгаалаад хамгаалалт нь өөр байх уу?
- Ягаан өнгийн туяатай шил өөрөөсөө нарны хэт ягаан туяа ялгаруулдаг. Тиймээс нүдийг гэмтээх эрсдэлтэй. Хар болон хөх өнгийн шилнүүд нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Мөн зөөлөн харахад садаа болохооргүй “шаравтар” буюу “хуван шар” өнгө нь өвлийн улиралд тохиромжтой байдаг.
- Ярилцсанд баярлалаа
Уншиж байна |