Бусдад давуу байдал бий болгосон гаалийн байцаагч нарын хэрэг шүүхэд шилжлээ
2023-12-11

Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн нийт 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

 

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэрэг:

 

-Нийслэлийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн нэгдмэл сонирхолтой “Б” ХХК-иар дамжуулан худалдан авалт хийж, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

-Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Гаалийн газрын Чөлөөт бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч О.О, гаалийн улсын байцаагч Ш.Г, П.М, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ахлах шалгагч Т.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, М.Х, Ү.С нарын барааг гаалийн хяналтын бүсээс хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

-Баянхонгор аймгийн прокурорын газраас өмгөөлөгч Т.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Л.Л-д өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэн, хэргийн оролцогчоор оролцохдоо гэмт хэрэгт хамтран оролцсон И.Б, Б.М нарт давуу байдал бий болгож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

 

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Б.С нь Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор түүх, соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин