“Онтрэ гоулд”-ын хэлэлцээрээс Монголд гарах ашиг...

"Рио Тинто" групп Оюутолгой төслийн талбайд хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг "Онтрэ гоулд" ХХК-тай хэлэлцээр хийж, хувь эзэмшлээ тохирох гэж байгаа билээ. Оюутолгой ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг Монгол улсын засгийн газар мөн энэ хэлэлцээрт оролцож, "Онтрэ гоулд"-д ногдох хэсгээс Баялгийн сангийн тухай хуулийн дагуу хувь эзэмшлээ тодорхойлох учиртай. Эндээс Монголд ашигтай ямар нөхцөл байдал үүсэхийг хялбаршуулсан байдлаар хөндөж байна.
Шууд гарах ашиг:
"Онтрэ гоулд"-ын лицензит талбай гэдэг нь "Шивээ толгой" буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, "Жавхлант" буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг бөгөөд энэ хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий.
"Онтрэ гоулд", "Рио Тинто" компаниуд 2004 онд байгуулсан гэрээгээрээ хүдэр "560 метрээс илүү" гүнд байвал "80:20", "560 метр хүртэлх" хүнд байвал 70:30 хувиар хуваахаар тохирсон байдаг.
Хоёр компани энэхүү гэрээгээ албажуулаагүй байснаа хоёр сарын өмнө Арбитрын шүүхээр шийдүүлжээ. Шүүхийн шийдвэр "Онтрэ"-гийн талд буюу "2004 оны гэрээгээ албажуул" гэж гарсан аж. Ингэснээр "Онтрэ"-гийн хувь эзэмшил баталгаажжээ.
Харин "Онтрэ" ХХК уг хувь эзэмшлээсээ Баялгийн сангийн хуулийг дагаж "Монгол улсад 34 хувийг нь өгөхөд бэлэн" гэдгээ илэрхийлсэн талаар АҮЭБ-ийн сайд Ц.Туваан өчигдөр мэдэгдсэн. Энэ бол Монголын Засгийн газар "Онтрэ"-гийн лицензит талбайгаас олборлох нөөцийн 6.8 хувийг (20 хувийг 100 хувь гэж үзвэл 34 хувь нь нийт нөөцийн /Онтрэгийн лицензит талбайн/ 6.8 хувь) эзэмшинэ гэсэн үг. Хувь эзэмшихгүйгээр бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ-өөр орлууллаа гэхэд мөн 6.8 хувийг авах боломж бүрдэж байна.
10.3 сая тонн зэсийн 6.8 хувь /700,000 тонн зэс/, 759 тонн алтны 6.8 хувь/ 51.6 тонн алт/ гэх мэтээр эзэмших нь. Энэ бол зөвхөн "Онтрэ"-гийн 34 хувийг эзэмшсэнээр бий болж байгаа боломж гэдгийг анхаараарай.
Дээр нь бид Оюутолгой ХХК 34 хувийг эзэмшдэг. "Онтрэ"-гийн лицензит талбайгаас "Рио Тинто" -д ногдох 80 хувиас 34 хувийг эзэмшдэг гэсэн үг. Энийг дээр "Онтрэ" дээр бодсон шиг хувилаад бодвол 3,2 сая тонн зэс /10.6 сая тонн зэсний 80 хувь нь 707 тонн, түүний 34 хувь нь 235 тонн/ гэх мэтээр бас тоо гарч ирнэ. "Рио Тинто", "Онтрэ" тус бүрээс Монголын талд ногдох хувийг нэгтгэж үзвэл 3.9 тонн зэс гэх мэтээр 34 хувиас илүү гарна.
Мөнгө, молибден дээр яг энэ аргачлалаар бодоод үзээрэй. Ямар ч байсан Монголын талын нөхцөл байдал сайжрах нь тодорхой байгаа.
Даанч Монгол улс Оюутолгойн уурхайг банкны зээлээр санхүүжүүлэх "Рио Тинто"-гийн башир аргад автсан учраас "Рио Тинто"-той хамтарч эзэмшиж байгаа 34 хувиасаа ногдол ашиг аваагүй, цаашид ч авахааргүй байгаа билээ. Бид олон улсад Зууны луйвар, түүхэнд байгаагүй луйвар гэж нэрлэгддэг, "Рио Тинто" Монгол улсын Засгийн газар монголчуудыг луйврын схемд оруулсан түүхийг цувралаар хүргэх болно.
"Онтрэ"-гийн асуудлыг шийдсэнээр "Рио Тинто"-той эхлүүлсэн асуудлаа дуусгах боломж гарна.
Яг одоогийн нөхцөлд бол "Рио Тинто"-той эхлүүлсэн хамтралаа сайжруулах боломж байна.
Тэр нь "Онтрэ"-гийн асуудал шийдэгдсэнтэй холбоотойгоор "Рио Тинто"-той шинэ хэлэлцээр эхлүүлж, өмнө нь шийдэж чадаагүй хяналттай холбоотой асуудлуудаа шийдэх явдал. Үүнд санхүүгийн ч, технологийн ч асуудлууд хамаатай.
Жишээ нь манайх уурхай дээр лаборатори байгуулж, гарч байгаа металл, эрдсийг нарийвчилж тогтоож болно. Одоо бол Геологийн төв лабораторид шинжилдэг.
Өмнө нь Засгийн газар Лондон, Улаанбаатарт хоёр ч удаа хэлэлцээр хийгээд шийдэж чадаагүй асуудлууд бий. 2013 онд Лондонд 30 асуудал хэлэлцээд 15-ыг нь шийдсэн. Дараа нь Улаанбаатарт үргэлжлүүлсэн ч долоон асуудал үлдсэн байдаг. Энэ долоон асуудал нь лаборатори гэх мэт хяналтын чиглэлтэй ажлууд байсан юм. Шийдэгдээгүй шалтгаан нь тодорхойгүй ч "Рои Тинто" "Онтрэгийнхээ асуудлыг шийд" гэсэн шаардлага тавихад л манайхан мухардалд ороод байсан байдал ажиглагддаг юм. Энэ талаас нь харвал "Онтрэ" Оюутолгой дахь Монгол улсын эрх ашигт их гай болсон компани. Одоо харин "Шийд гээд байсан Онтрэгийн асуудлыг чинь шийдчихлээ" гээд дутуу үлдээсэн ажлуудаа гүйцээх боломж байгаа болов уу гэж хараад байна.
Хэмжиж чадвал хянаж чадна гэж үг бий. 70 жил ашиглана гэж байсан Оюутолгойн ил ордын нөөц үндсэндээ 12 жилд дуусаж байна. Ямар ч хяналтгүй гарсан. Одоо харин үйлдсэн 80 хувь дээрээ ингэж тоглуулмааргүй байна. Тоглуулахгүй байх боломжийг яг одоо ашиглах л чухал.
Ажлын хэсгийг Ц.Туваан сайд ахалж байсан, одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нэмэгдсэн гэдэг мэдээллийг Н.Учрал сайд өгсөн. Энэ ажлын хэсэгт том хариуцлага ногдож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ