ЕАЭЗХ: Экспорт ердөө 3.8 хувиар нэмэгдэнэ

“Засаглал ба зах зээл-Аналаз шоу” нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт Евразийн эдийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэх эсэх асуудлыг хөндсөн. Худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдсэнээр бизнесийн орчинд ямар нөлөөлөл орох вэ гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн судлаачид судалсан байна. Энэ талаарх мэдээллийг МУИС-ийн багш, доктор Н.Отгонсайхан Анализ шоу-нд оролцож мэдээлэл өглөө.
Тэрээр “Евразийн эдийн засгийн холбооны хувьд ямар учиртай хэлэлцээр болж байна гэвэл Орос, Казахстан, Беларус, Киргиз, Армен гээд таван улс Гаалийн холбоо байгуулсан юм.
Манай улсын хувьд өмнө нь Япон улстай хоёр талт хэлэлцээр байгуулж байсан. Одоо бол бид энэ таван улстай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай ярьж байгаа юм. Энэ таван улс нь хоорондоо гаалийн татвар байхгүй гуравдагч улс орнуудтай гадаад худалдааны бодлого болон гаалийн бодлогоо нэгтгэсэн. Бид энэ таван улсын аль ч улс руу нь бараагаа нийлүүлсэн бүгд ижил татвартай байх юм. Бидний өмнө хийж байсан хэлэлцээрүүдээс илүү онцлог хэлэлцээр гэж хэлж болно.
Евразийн эдийн засгийн холбоотой хийх гэж буй хэлэлцээрийн хувьд түр хугацааны хэлэлцээр юм. Эхний ээлжид хоёр талаас тохирсон тодорхой тооны бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэх, зарим талаараа тоо хэмжээний хязгаарлалттай бараа бүтээгдэхүүнийг цуцлах гэсэн нөхцөлтэйгөөр хэлэлцээр хийх гэж байгаа.
Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбоо руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг авч үзвэл 110 сая орчим долларын барааг энэ таван улс руу экспортолж байна. Энэ нь манай улсын экспортын нэг хүрэхгүй хувийг эзэлж байгаа юм.
Импорт талдаа Евразийн эдийн засгийн холбооны таван орноос 2.9 орчим тэрбум ам.долларын импортыг хийдэг. Энэ нь Монгол Улсын нийт импортын 95-96 хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд манай худалдааны баланс 2.8 орчим тэрбум ам.долларын алдагдалтай байгаа юм. Нийт 375 бараа бүтээгдэхүүнийг Орос болон бусад Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад экспортлоход ямар өөрчлөлт орох талаар судлахад 3.8 хувиар нэмэгдэх дүр зураг гарч ирсэн. Ийнхүү нэмэгдэхэд мах махан бүтээгдэхүүн илүү нөлөөлж байгаа. Энэ дотроо адууны мах байгаа юм. Адууны махны хувьд Евразийн эдийн засгийн холбооны гаалийн тариф 15 орчим хувьтай байна. Энэ 15 хувийг тэг болгосноор онолын хувьд экспорт нэмэгдэх нь ойлгомжтой. 1.7 орчим сая доллароор нэмэгдэх дүр зураг харагдсан. Тарифын асуудлыг чөлөөлсний дараа, экспортод нөлөөлөх бусад хүчин зүйлсэд анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, импортлогч орны зүгээс тарифын бус ямар шаардлагууд тавьж байна вэ гэдэг нь сонин. Адууны махны хувьд Евразийн эдийн засгийн холбооны зүгээс 38 шаардлагыг тавьдаг. Эдгээр шаардлага дотроо 33 нь эрүүл ахуйн хорио цээртэй холбоотой шаардлага байгаа. Энэхүү шаардлагыг манай улс биелүүлж чадаж байна уу гэдэг нь чухал юм. Мөн эдгээр шаардлагыг биелүүлж байгаа гэдгээ нотлох хэрэгтэй болно. Шаардлагыг батлахын тулд лабораторийн хүртээмжийн асуудал ч мөн яригдана.
Ямар ч улс орны хувьд худалдаагаа өргөжүүлэхийн тулд "тогтвортой нийлүүлэлт" гэх шаардлага бий. Гэтэл манай улс адууны махаа байнгын тогтвортой нийлүүлж чадах уу гэх асуудал бий. Нөгөөтээгүүр нөгөө улсын хэрэглээний асуудал гэж бий. Өөрөөр хэлбэл Евразийн эдийн засгийн холбооны улс орнууд адууны мах хэрэглэх үү гэх асуудал юм. Дараагийн асуудал бол бид нар адууны махаар энэ улсын зах зээлд өөр ямар улсуудтай өрсөлдөх вэ гэх асуудал бий” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ