Чуулганы нэр барьж чимээгүй үрэгдсэн төсөв

Сүүлийн хэдэн долоо хоногт Засгийн газар “Бүсийн хөгжил-2025” нэртэй чуулга уулзалт зохион байгуулж буй. Том тайз, гял цал гэрэл, өнгө өнгийн баннер, нээлтийн сүржин үгс… Гэтэл бодит байдал дээр орон нутгийн иргэдийн амьдрал яг хэвээрээ. Чуулга уулзалтад зориулж олон сая төгрөгийн зардлаар танхим засварлаж, төрийн албан хаагчдыг дагуулж аймгаар тойрох нь хэр зөв зүйтэй үйл ажиллагаа вэ? эсвэл ирэх сонгуулийн пиар шоу юу?
Энэ чуулганд дарга нар өөрсдөө л бэлдсэн үгээ хэлж байна. Энд иргэдийн хэлэх гэсэн санаа хэн нэгэн протокол уншигчийн араар замхарч байна.
Хэдийгээр эдгээр уулзалтыг “нийгмийн оролцоог хангах, бүс нутгийн хөгжлийг урагшлуулах” зорилготой гэж тайлбарладаг ч, иргэдтэй хийсэн яриа, орон нутгийн сэтгүүлчдийн мэдээллээс харахад, бодлогын биш бараг бүрэн жүжиг тавигдаж байна. Хов хоосон хурлын танхим, залхсан төрийн албан хаагчид, микрофонгүй иргэд Бүх аймагт адилхан хөтөлбөр, адилхан илтгэл… яг л нэг форматаар зохиогдсон реалити шоу шиг. Хамгийн харамсалтай нь, эдгээр уулзалтад зарцуулсан мөнгө, цаг хугацаа нь бодит үр дүн өгч чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр.
Монголын бүсүүдэд хөгжил хэрэгтэй нь үнэн. Гэвч шоу маягийн чуулганаас илүү, тууштай бодлого, бодит хөрөнгө оруулалт, иргэдийн дуу хоолойг шууд тусгадаг хариуцлагатай хандлага чухал.
“Эдгээр чуулганаас гарсан санал, шийдвэрүүдийн 80 гаруй хувь нь өмнөх стратеги төлөвлөгөө, бүсчилсэн хөгжлийн бодлоготой давхцаж буй. Шинэ санаачилга, хэрэгжихүйц бодлого бараг гарсангүй.
Бүсийн чуулгануудын зорилго нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн дуу хоолойг сонсох гэдэг ч, бодит байдал дээр зардал өндөртэй, үр өгөөж багатай, улс төрийн PR арга хэмжээ болж хувирч байна. Монгол Улс эдийн засгийн хямралын ирмэг дээр байгаа энэ цаг үед, төсвийн хэмнэлт, бодлого шийдвэрийн чанарт илүү анхаарах цаг иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ