Хүүхдийн төлөө фондын мөнгөөр бүтээн байгуулалт хийнэ

Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг бид маргааш тэмдэглэх гэж байгаа. Мөн энэ жил Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэн орсны 35 жилийн ой тохиож байна.
Шинэ Засгийн газар байгуулагдаад Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам байгуулсан. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн бодлого нийгмийн хамгааллын өмнө байна. Тиймээс Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо гэр бүл рүү чиглэсэн байх ёстой. Хүний хөгжлийн бодлого гэр бүл рүү чиглэсэн байх ёстой гэж үзэж Гэр бүлийн яамыг шинэчлэн зохион байгуулсан.
Жилд 17 мянган гэр бүл Монгол Улсад бүртгэгдээд 5-8 жилийн дараа дөрвөн гэр бүлийн нэг нь салж байна. Өрх толгойлсон эцэг, эхийн тоо жилээс жилд өсөж 70-80 мянгад хүрч байна. Эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн тоо 100 мянга болсон. Энэ мэт маш олон сэтгэл эмзэглүүлсэн асуудал байгаа учраас Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Тус зөвлөлөөс аравдугаар сарын 1-н хүртэл хэрэгжүүлэх албан даалгавар гаргасан. Хүүхэд хамгаалах, хөгжил, хүүхдийн оролцооны асуудал салбар дундын асуудал байгаа.
Өнгөрсөн хугацаанд Хүүхдийн төлөө фондод 25 тэрбум төгрөг цугларсан. Харамсалтай нь энэ мөнгийг захиран зарцуулах журам хоцрогдсон байсан учраас шинэчлэн баталсан. Энэ хөрөнгийг хэрхэн арвижуулах, олон нийтэд ил тод байх вэ гэдэг чиглэл өгсөн. Үүнийг хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Хүүхдийн төлөөх санд төвлөрсөн мөнгөөр цаашид ямар хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэгт иргэдээс санал авна. Урлагийн театр байгуулах, дугуйлан секцүүд ажиллуулах, IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд байна.
2025 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. МУ-д 220 гаруй зуслан ажиллаж байсан. Харамсалтай нь өмч хувьчлалаар үйл ажиллагааны чиглэл нь өөрчлөгдсөн байна. Шинээр дөрвөн улирлын зуслан байгуулах талаар ярьж байна. Гэр бүлийн хуулийн 2025 онд шинэчилнэ. Уг хуульд маш олон зохицуулалт орсон. Үүнийг эрх зүйн үүднээс зохицуулахын тулд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ