УИХ-д байх ёсгүй хүн

img

 

2024 оны УИХ-ын сонгуулийн дараахан нэгэн чимээгүйхэн асуудал Монголын нийгмийн хяналтаас мултарсан ч, өнөөдөр эргэн сөхөх зайлшгүй шаардлагатай болжээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй, оффшор шинжтэй “Ханбогд Эксплорайшн” компанийн зүгээс 30 сая төгрөгийн хандив авсан тухай мэдээлэл Үндэсний аудитын газраас баталгаажсан. Түүний энэ үйлдэл нь “Сонгуулийн тухай хууль”-ийн 38.6.1-д заасан гадаад этгээдээс хандив авахыг хориглосон заалтыг илт зөрчсөн хэрэг юм.

Сонгуулийн хуулийн заалт ба ил зөрчил

Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч, нам эвсэл нь зөвхөн дотоодын эх үүсвэртэй, тодорхой хандив л авах эрхтэй байдаг. Үүнд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, хувь хүн л хамаарна. Харин гадаадын хуулийн этгээд, хувь хүн, мөн оффшор бүсэд бүртгэлтэй байгууллагаас хандив авах нь хуулиар хориглогдсон байдаг.

Гэтэл Э.Болормаа нь энэ хуулийг зөрчиж, гадны компаниас хандив авч, сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлсэн нь нэгэнт нотлогдсон. Энэ бол хууль зөрчсөн гэмт үйлдэл төдийгүй, төрийн эрх мэдэлд гаднын нөлөө орох аюулын харанга гэдгийг ойлгох хэрэгтэй.

Оффшор бүсээс орж ирсэн мөнгөний аюул

“Ханбогд Эксплорайшн” гэх нэр төдий компанийн цаана хэн байдаг нь өнөөдөр тодорхойгүй хэвээр. Хэрэв оффшор бүсэд бүртгэлтэй, татвараас зугтсан, бүр тодруулбал уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр Монголд сонирхолтой гадны компани байвал яах вэ?

Энэ нь зөвхөн санхүүжилтийн асуудал биш. Харин Монголын хууль тогтоох дээд байгууллагад гаднын мөнгөний нөлөө орж ирсэн гэдгийн хамгийн ноцтой дохио юм. Ийм байдал дэлхий нийтэд “улс төрийн авлига” гэж тодорхойлогддог бөгөөд хөгжиж буй орнуудын хамгийн аюултай үр дагавруудын нэг гэж тооцогддог.

Ёс зүй үгүй бол хууль утгаа алдана

УИХ-ын гишүүн хуулиа зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан тохиолдолд албан тушаалаасаа сайн дураар огцрох ёстой. Энэ нь зөвхөн ёс суртахууны асуудал биш. Улс төрийн соёл, нийгмийн шударга ёсны хэмжүүр юм. Э.Болормаа гишүүн өнөөг хүртэл өөрийн үйлдлийн талаар бүрэн хариуцлага хүлээгээгүй, тайлбар нь бүрхэг, “техникийн алдаа” хэмээн өнгөрөөсөн нь олон нийтийн итгэлд ноцтой цохилт болж байна.

Ийм жишээг хэрвээ өнөөдөр зүгээр өнгөрөөвөл маргааш хэн ч гадаадын ашиг сонирхолд үйлчилж, Монголын хууль тогтоох байгууллагад суух боломжтой болно. Энэ бол улс орны аюулгүй байдалд ч, ардчилалд ч заналхийлж буй дотоод “илд” юм.

Хууль хяналтын байгууллагууд хаана байна вэ?

Монголын хууль хяналтын байгууллагуудын чимээгүй байдал бас нэг том асуудал. Үндэсний аудитын газар уг зөрчлийг баталсан боловч хэрэг хянан шийдвэрлэх байгууллагад шилжүүлсэн эсэх, ямар арга хэмжээ авч байгааг олон нийт тодорхой мэдэхгүй байна. Улс төрийн нөлөөлөлд автаж, эрх баригч хүчний эсрэг шалгалт хийхээс зайлсхийж байгаа нь илт гэж уншигдаж буй. Учир нь түүнд холбогдох хэрэг прокурорт шилжсэн гэх ч өнөөдөр энэ тухай мэдээллийг бараг хэвлэлийнхнээс анх удаа сонсож байна гэх нь холгүй, төрийн ордноос гүйхээрээ зугтааж гарсан хүн бол Э.Болормаа гишүүн.

Э.Болормаагийн энэ жишээ нь зөвхөн нэг хүний асуудал биш. Энэ бол бидний сонгож буй системийн доголдол. Иргэд хэнийг сонгож байгаагаа, тэр хүн ямар санхүүжилттэй, ямар сонирхлын төлөөлөл вэ гэдгийг нарийн судалж сурах цаг болжээ.

Э.Болормаа гишүүний асуудал бол Монголын ардчилал, тусгаар тогтнол, хууль дээдлэх ёсны шалгуур юм. Энэ асуудалд чимээгүй өнгөрөх нь бидний ирээдүйг худалдаж буйтай адил.

Монгол Улс ардчилсан, хууль ёсыг дээдэлсэн улс хэвээр үлдэх эсэх нь ийм жижиг мэт харагдах боловч гүн гүнзгий утгатай зөрчлийг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаална.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ