БУРУУ БҮХЭН Д.ТРАМПЫН БУРУУ ЮУ? ЛУ.ГАНТӨМӨР ӨӨ...!

img

 

Эдийн засаг хөгжлийн сайд Лу.Гантөмөр дэлхий даяар хөрөнгө оруулалт буурч байгаа нь манайд ч, БНХАУ-д ч нөлөөлж байна гэв.  Товчхондоо, “Буруу бүхэн бусдын буруу буюу Дональд Трампын импортын тариф руу хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгаагаа бултуулах санааа байх шиг. Сайхан шалтаг.

Чуулганаар хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэх Э.Батшугар гишүүний асуултад Эдийн засаг хөгжлийн сайд Лу. Гантөмөр: “Хөрөнгө оруулалт шат шатанд татарч байна. Дональд Трампын импортын тарифаас үүдэн БНХАУ-д орж ирэх хөрөнгө оруулалт багасаж 4 тэрбум доллар болсон. Ерөөсөө дэлхий даяар хөрөнгө оруулагчид хамгийн тогтвортой гэж үзэж буй ногоон эдийн засагт л хөрөнгө оруулж байна” гэх утгатай зүйл ярив.

Үгүй шүү Лу.Гантөмөр сайдаа. Та эндүүрээд байна. Ногоон эдийн засгийн хөрөнгө оруулалт бүр зогсоогүй. Гэхдээ....

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөснөөс хойш ногоон эдийн засаг хумигдаж эхэлсэн. Энэ нь зөвхөн Д.Трампын импортын татвартай холбоотой гэнэт болж буй зүйл биш.  Д.Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа ч ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчийг ойшоож байгаагүй. Энэ удаад ч мөн ногоон эдийн засаг бус нүүрс, газрын тос, байгалийн хийн төслүүдийг дэмжих чиглэлтэй ажиллаж байна. Тиймээс хөрөнгө оруулагчид ногоон эдийн засгийг сонирхох нь эрс багассан. Иймд дэлхий даяар ногоон төслүүд гацаанд орох эрсдэл өндөр байна. Мөн Д.Трампын импортын тарифаас үүдэн хөрөнгө оруулагчид алт, үнэт метал буюу эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг сонгож байна. Дэлхий даяар алтны своп ханш түүхэн дээд хэмжээнд хүрээд буйг металын биржүүдээс ороод үзнэ үү...

Цаашид ч алт, үнэт металын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байна гэж шинжээчид харж байна.

Д.Трампын тариф хөрөнгийн биржүүдийг савлуулсан ч одоо эргээд сэргэж байна. Хэсэг хугацаанд тарифын дуулиан өрнөсөн ч дэлхийн бүх улсад ногдуулах тарифыг 90 хоногоор хойшлуулсан. Сүүлд ганцаараа өндөр тарифтай үлдсэн БНХАУ-тай өнгөрсөн ням гарагт тохиролцоонд хүрч, 145 хувийн тарифыг 30, БНХАУ-ын зүгээс 125 хувийг 10 болгон бууруулав.

Д.Трампын бодлого уул уурхай, ашигт малтмалын төслүүдийг дэмжиж буй нь Монголд хөрөнгө оруулалтын боломж болно.

Дэлхий даяар нүүрс байгалийн хий, газрын тосноос гадна газрын ховор элемент, лити зэрэг ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй. Мөн хиймэл оюун ухаан технологийн дэвшлийн чухал бүрэлдэхүүн болох газрын ховор элементийн хайгуулын төсөл дэлхий даяар эрчимжиж байна. Энэ бол эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай Монголд хөрөнгө оруулалт татах гайхалтай боломж.

Энэ онд Саудын араб, АНЭУ, Катар гэх газрын тосоор баялаг Персийн булангууд орнууд Азийн орнуудад хөрөнгө оруулалт хийхээр уралдаж байна.

Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчин муудах нь Д.Трампын тариф руу чихэх нь өрөөсгөл ойлголт. Бид чинь гадаад бодлогын үзэл баримтлалдаа нээлттэй, бие даасан, олон тулгуурт зарчим баримтладын хувьд гуравдагч хөршийн боломжоо дутуу үнэлж болохгүй.

Хөрөнгө оруулалт татаж чаддаггүй ганц асуудал нь эрхзүйн орчин. Тогтворгүй, найдваргүй, хөрөнгө оруулагчаа хөөж, тууж, дээрэмддэг султ талтай. Энэ талаа засаж сайжруулбал, уул уурхайд хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа солонгоруулж чадахгүйн зовлонгоо Д.Трампын тариф руу тохож бултаж шаардлагагүй шүү Лу.Гантөмөр сайд аа.

Мөн худалдааны дайн яг Хятадын хөрөнгө оруулалтыг бууруулж буй нь тусдаа асуудал юм. Хэрэв Д.Трампын тарифын дайнд Хятадын хөрөнгө оруулалт нь буурч эдийн засаг нь хумигдаж, энэ нь манай улс уурхайн бүтээгдэхүүний экспорт болоод валютын нөөцөд нөлөөлөх макро эдийн засгийн зовлон ярих гэж байгаа бол үндэслэлээ зөв тайлбарлана уу?

Тэгээд ч тарифын асуудал 90 хоногийн “хүлээлгийн” хугацаа өнгөрөхөд эерэгээр шийдэгдэх хүлээлт бий. Өнгөрсөн сард нүүрсний үнэ буурч байгааг мөн Д.Трампын тарифтай холбосон шүү.

Угтаа бол оны өмнө л яригдаж байсан асуудал болохоор төсөв мөнгөн дээр уян хатан зохицуулалт хийж болох байсан асуудал шүү сайдаа...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
tom guren delkhiigeer yaj daajignadagyg trumpaas kharlaa , sankhuu , ediin zasgiig ter ayar ni busniullaa shuu dee
2025-05-15