МОНГОЛ ПАСПОРТ ХИЛ ДЭЭРХ ДААЖИГНАЛЫН МАНДАТ УУ?

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэг ч монгол хүний эрх аль ч улсад зөрчигддөггүй байх ёстой учраас БНСУ-ын хил дээрээс буцаагдаж байгаа асуудалд онцгой анхаарч ажиллахыг Б.Батцэцэг сайдад санууллаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг асуудлыг бүх түвшинд анхаарч ажиллаж буй бөгөөд БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын айлчлалын үеэр хөндсөн гэдгийг онцоллоо. Иргэдийн хувьд зорилгоо тодорхойлж чадахгүй, очих хаягаа мэдэхгүй зэрэг зөрчил ажиглагдаж байгаа учраас хил дээрээс буцааж байгаа талаар нөгөө талаас мэдэгдсэн байна. ГХЯ-нд энэ онд нийт 3 иргэн БНСУ-ын хил дээрээс буцаагдсан талаар гомдол гаргажээ.
Монгол Улс, БНСУ хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэхүү хамтын ажиллагаа нь эдийн засаг, боловсрол, хөдөлмөрийн зах зээл зэрэг олон чиглэлд өргөжсөн ч, сүүлийн үед энгийн иргэдийн түвшинд нэгэн хүндхэн асуудал хурцаар тавигдаж буй. Энэ бол БНСУ-ын хил дээр визтэй Монгол иргэдийг үндэслэлгүйгээр нэвтрүүлэхээс татгалзах, буцаах тохиолдлууд нэмэгдэж буй явдал.
Визтэй иргэн хилээр нэвтрэх эрхгүй гэдэг нь юу гэсэн үг вэ?
Монгол Улсын иргэн бүх шаардлагыг ханган, БНСУ-ын элчин сайдын яамнаас виз авч, аяллын бэлтгэлээ хангаж нисч буй ч Инчоны нисэх онгоцны буудал дээр "таны зорилго тодорхойгүй", "санхүүгийн баталгаа хангалтгүй" гэх шалтгаанаар хилээр нэвтрэх эрхгүй хэмээн буцаагдаж буй нь жирийн иргэдийн төдийгүй төр засгийн анхааралд орох хэмжээнд хүрээд байна.
2024-2025 онд л гэхэд ийм шалтгаанаар буцаагдсан Монгол иргэдийн тоо олон зуугаараа тоологдож, тэдний дийлэнх нь аяллын визтэй, зарим нь бүр олон удаагийн визтэй байсан ч хилээр нэвтрэх эрхгүй болсон байна. Үүний улмаас иргэд онгоцны тийз, зочид буудлын урьдчилсан төлбөр, аяллын зардал гэх мэтээр сая сая төгрөгөөр хохирч байна.
Найрсаг харилцааны эсрэг зөрчилтэй бодлого
БНСУ нь Монгол Улсыг “гуравдагч хөрш”, бүс нутгийн чухал түнш гэж тодорхойлдог. Гэвч энэхүү найрсаг харилцааг амьдрал дээр, хил дээр хэрэгжүүлж чадахгүй байгаагийн бодит жишээ нь дээрх визтэй ч нэвтрэхгүй байгаа тохиолдлууд юм. Хоёр улсын хооронд "харилцан итгэлцэл" гэж олон удаа тодотгосон ч, иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлж буй ийм үйлдлүүд найрсаг харилцаанд сэв суулгаж байна.
Монголчууд гэмт хэрэгтэн биш, харин гадаадад суралцах, ажиллах, аялах эрхтэй хүмүүс
Монгол иргэдийн дийлэнх нь хууль ёсны дагуу ажиллах, аялах, суралцах зорилгоор гадагш гардаг. БНСУ-ын хил дээр “бодит зорилго нь сэжигтэй” гэх шалтгаанаар буцаагдаж буй нь улс үндэстнээр нь ялгаварлан гадуурхаж буй шинжтэй гэж олон иргэн үзэж байна. Энэ нь хүний эрхийн зөрчил, дипломат ёсны хэм хэмжээг зөрчиж буй хэрэг юм.
Монголын төр дуугүй суух ёсгүй
Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. БНСУ-ын талаас шаардлага тавихдаа тодорхой, ил тод, шударга байх ёстой болохоос биш виз өгчихөөд хил дээр татгалзах нь хүний итгэлийг унагаж, үндэсний нэр хүндийг доромжилсон үйлдэл гэхэд хол зөрөхгүй.
Бид юу хүсч байна вэ?
- Хил дээрх шийдвэр гаргалт ил тод, нотолгоотой байх
- Буцаагдсан иргэдэд албан ёсны тайлбар, бичгээр мэдээлэл өгөх
- Буцахаас үүдэлтэй хохирлыг бууруулах механизм бий болгох
- Дипломат шугамаар тогтмол хэлэлцүүлэг хийх
Монгол хүн өөрийн эх орондоо хүндлэгдэж, гадаадад ад шоо бололгүйгээр эрхээ эдэлж чадах тийм нийгмийг иргэд хүсч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ