Ардчиллын нэр баригчид МАН-ын хамгаалагчид болсон уу?

Өнөөдөр /2025.05.19/ Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчид УИХ-дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын УИХ-ын 42 гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр нарт хандан албан шаардлага хүргүүллээ. Энэ нь энгийн нэг улс төрийн үйлдэл биш, харин ардчиллын нэрийн өмнөөс улстөрийн үнэт зүйлсээ хамгаалах сүүлчийн тэмцлийн эхлэл байж мэднэ.
Ардчиллыг хамгаална гэдэг МАН-ыг өмгөөлнө гэсэн үг биш
Монголын ардчиллыг 35 жилийн өмнө залуус нуруундаа үүрч, эрх чөлөөг авчирсан бол өнөөдөр тэрхүү ардчиллын нэрийг барьж, эрх баригч МАН-ыг ил цагаан өмгөөлдөг бүлэглэл АН дотор үүсжээ. Энэ бол зүгээр нэг хардалт биш. Энэ бол баримттай, бодит шүүмж. УИХ- дахь АН-ын бүлгий дарга О.Цогтгэрэл, АН-ын дарга Л.Гантөмөр нарын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалд авч буй хандлага нь тэднийг АН-ын нэрийг барьсан ч МАН-ын улаан хамгаалагчид мэт болгож байна.
АН-ын жирийн гишүүн Ц.Уянга энэ талаар хэлэхдээ:
‘’Нийгэм бухимдалтай байна. Харин АН-ын удирдлагууд энэ бухимдлыг ойлгож, ард түмний талд зогсохын оронд эрх баригчдын талд орж, тэдний төлөөлөгч мэт авирлаж байгаа нь АН-ын үнэт зүйлсийг уландаа гишгэж байгаа хэрэг юм’’ гэж мэдэгдсэн нь ч учиртай.
Жинхэнэ шалтгаан бол шударга ёсны дуу хоолой тасарч буй явдал
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн таван жилд эрх мэдлийг төвлөрүүлж, хяналтгүй засаглалыг бэхжүүлэн, тансаг хэрэглээг хүүгээрээ дамжуулан гайхуулж буй нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 200 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн ч гэр бүлийнх нь гишүүд олон тэрбумын үнэтэй автомашин, эд зүйлсийг ил цагаан гайхуулж байгааг ард иргэд зүгээр хараад суусангүй, залуус төв талбайд тав дахь өдрөө жагсаж буй.
Ийм үед АН-ын гол үүрэг бол олон нийтийн дуу хоолой болж, хяналт тавьж, шударга ёсыг шаардах юм. Гэвч өнөөдрийн АН-ын удирдлагууд ‘’өөрсдийн нам бус эрх баригчдын төлөө ажиллаж буй’’ мэт хандлага үзүүлж байгааг жирийн гишүүд тэвчиж чадахаа больжээ.
Хоёр үндсэн шаардлага-АН-ын ирээдүйг шийднэ
Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, АН-ыг эргэн ард түмний талд авчрахыг уриалсан хоёр үндсэн шаардлага бий.
- АН-ын бүлэг, намын удирдлагууд МАН-ын бодлогыг хамгаалах үйлдлээ зогсоож, олон нийтийн талд зогсох,
- АН-ын дарга Л.Гантөмөр өөрийн хариуцлагаа ухамсарлан, бодит байр сууриа илэрхийлэх, гишүүдтэйгээ шууд харилцаж, итгэл хүлээлгэхүйц шийдвэр гаргах.
Эдгээр шаардлага бол зүгээр нэг дуулиан тарьсан алхам биш. Энэ бол АН ардчиллын төлөөх тэмцлийнхээ утга учрыг эргэн санахыг шаардаж буй жирийн гишүүдийн сэтгэлийн дуудлага.
Хэрвээ АН ард түмний дуу хоолойг сонсохгүй бол ард түмэн тэднийг өөрсдийн дуу хоолойноос хасах цаг ирнэ. Ардчиллыг нэрлэсэн ч, ард түмнээ мартсан нам хэзээ ч ардчиллыг авч явж чадахгүй гэдгийг иргэд сануулсаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ