ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ МӨРГӨЛДӨӨНД ХЯТАД ХОЖИХ УУ?

Энэтхэг Пакистаны харилцаа хурцадмал хэвээр байна. Талууд 4 өдрийн турш харилцан агаарын цохилт өгч, энгийн иргэдийн амь нас хохироосон бөгөөд 2019 оноос хойш намжмал байсан Энэтхэг Пакистаны сөргөлдөөн Кашмир мужид болсон зэвсэгт халдлагын улмаас эргэн сэдэрсэн. Хэдийгээр Энэтхэг Пакистан 4 өдрийн мөргөлдөөний дараа гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгаа аж. Харин мөргөлдөөнд Хятадын хожих буюу стратегийн зэвсгээ Пакистаны цэргийн ажиллагаанд турших боломж гарч иржээ.
Энэтхэгийн засгийн газар Кашмирын халдлагад Пакистаныг буруутгасан бөгөөд хариу арга хэмжээ болгож"Синдоор ажиллагааг"зарлаж агаарын цохилт өгч эхэлсэн байдаг. Энэтхэгийн зүгээс Синдоор ажиллагааны хүрээнд Франц, ОХУ-д үйлдвэрлэгдсэн тийрэлтэт онгоцуудаа бэлтгэсэн бол Пакистаны тал Хятадтай хамтран үйлдвэрлэдэг J-10, J-17 онгоцуудаа байршуулжээ. Талуудын тийрэлтэд онгоцууд хэдийгээр нэгнийхээ агаарын хилийг даваагүй ч алсын зайнаас пуужин харваж байв. Зайнаас агаарын цохилт өгсөн Исламабад Энэтхэгийн зургаан онгоцыг, тэр дундаа Францад үйлдвэрлэгдсэн шинэхэн Рафале сөнөөгч онгоцыг устгасан гэж мэдэгджээ. Харин Энэтхэгийн тал Пакистаны ямар онгоцыг устгасан талаар мэдээлэл өгөөгүй ч Лашкар-е-Тайба болон Жайш-и-Мохаммед зэвсэгт бүлэглэлийн төв байранд цохилт өгч "100 гаруй террористыг" устгасан гэж мэдэгдэв.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Пакистан улс Хятадад үйлдвэрлэсэн J-10 онгоцоос агаар-агаар ангиллын пуужинг харваж энэтхэгийн сөнөөгч онгоцуудыг устгасан байж болзошгүй гэжээ. Зэвсгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, "Хятадын зэвсгүүд энэ салбарын "DeepSeek" гэж үзэж байна. Учир нь оны эхээр Хятадын хямд өртөг бүхий хиймэл оюун ухааны чатбот АНУ-ын технологийн компаниудыг “сандаргасан” ыайдаг. Тиймээс Энэтхэг Пакистаны мөргөлдөөн нь Хятадын зэвсэгт томоохон сурталчилгаа болсон гэж үзэж болно. Үүнээс өмнө Хятад улс байлдааны ажиллагаанд зэвсгээ турших боломж бараг олдоогүй" хэмээн Хятадын Ардын чөлөөлөх армийн ахмад хурандаа Жоу Бо онцолжээ.
Пакистан бол Хятадын стратеги болон эдийн засгийн гол холбоотон. Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд Хятадын талаас тус улсад 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тиймээс Энэтхэг-Пакистаны аль нэг нь гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж талуудын мөргөлдөөн дахин эхэлбэл Хятадад ихээхэн ашигтай байх нөхцөл ажиглагдаж байна гэж шинжээчид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ