ТӨР ДЭХ ''ТЭНҮҮЛЧ'' АЛБАН ТУШААЛ

Бүтээмжийн менежер нэртэй “бор халзан” орон тоо хэнд хэрэгтэй байсан бэ?
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар улс төрийн тогтворгүй байдлыг дарах, “гудамжны улстөрчдийн” дуу хоолойг намжаах нэг арга болгон төсвийн байгууллагуудад “бүтээмжийн менежер” гэх шинэ албан тушаал бий болгосон нь өнөөдөр эргэж харах, хариуцлага тооцох асуудал болж хувирч байна. Учир нь тэд төсвийн мөнгийг зүгээр л сорогчид...
Өөрийгөө шинэ үеийн, цахим шилжилтийн, бүтээмжийг дэмжигч Ерөнхий сайд гэж тодорхойлсон Л.Оюун-Эрдэнэ үнэн хэрэгтээ улс төрийн хуваарилалт хийхэд зориулсан “тоглоомын албан тушаал” бий болгосон нь худлаа биш. Бараг сиймхий бүрт “бүтээмжийн менежер” томилогдсон ч эдгээр хүмүүсийн хийсэн ажил, үр дүнгийн талаар өнөөдөр хэн ч тайлбар хийхгүй байна. Тэд юу хийдэг вэ? Ямар бүтээмж нэмэгдүүлсэн бэ? Төсөвт ямар дарамт болсон бэ?
Гудамжны улс төрчдөд тараасан “шагналын суудал”
Нэр нь “менежер” ч, хийх ажил нь тодорхойгүй, шалгуур нь бүрхэг, цалин хангамж нь төсвөөс авдаг энэ албан тушаал нь улс төрийн шагналын шинжтэй орон тоо. Угтаа бол “бүтээмж” гэдэг нь үр ашигтай ажиллах, чанартай үйлчилгээ үзүүлэх, инноваци нэвтрүүлэх тухай ойлголт. Гэтэл бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой хүмүүс нь өөрсдөө үр ашиггүй, илүү зардал гаргагч болон хувирсан.
Уг орон тоонд 400 гаруй хүн томилогдсон. Энэ нь зөвхөн цалинд хэдэн тэрбум төгрөгийг зарцуулж байгааг харуулна. Бодлого, хууль эрх зүйн хувьд бүрхэг, хариуцлагагүйгээр хэрэгжсэн энэ санаачилга нь “төрийн албыг цомхон, чадварлаг болгоно” гэсэн Засгийн газрын уриатай зөрчилдөж буй
Л.Оюун-Эрдэнэ огцорсон ч түүний үлдээсэн хөөсөн бодлогуудыг бид дааж явах ёсгүй. Түүний хойноос “бүтээмжийн менежер” нэртэй хэрэггүй орон тоог цэгцэлж, цалинтай сууж буй улстөрийн томилгоотнуудыг татан буулгах нь шинэ Ерөнхий сайдын хийх ёстой эхний ажлуудын нэг.
Энэ нь зөвхөн төсвийн хэмнэлт бус, төрийн албанд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, бодлогыг бодит үр дүнд хүргэх шинэ эхлэл байх учиртай юм.
Төсөв сорогч биш, бодлого хэрэгжүүлэгч хэрэгтэй байна
Иймд бүтээмжийн менежер нэртэй хий хоосон орон тоог даруй цуцалж, тэдгээр албан тушаалтны ажлын тайлан, үр дүнг нийтэд ил болгож, хэрэв шаардлага хангаагүй бол цалин, нийгмийн даатгалын мөнгийг нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Яагаад болохгүй гэж.. Ард түмний татварын мөнгийг хэн ч “туршилт” нэрээр үрэн таран хийх эрхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ