“Үлдээх нэрээр булшлах оролдлого”

img

 

Улстөрийн булш ухагчид уу?

Монголын улс төрд өрнөж буй үйлд явдал бол жирийн нэг албан тушаалын ширээ булаалдах хэрүүл биш нь мэдээж. Цаанаа эрх мэдэл, ирээдүйн улстөрийн уран нүүдэл, улстөрийн томоохон ‘’позици’’-ийн төлөөх ширүүн тулаан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тойрон хуйларч буй өнөөгийн нөхцөл байдал бол түүнийг хамгаалах дүр эсгэсэн, үнэн хэрэгтээ улстөрийн тавцангаас бүрмөсөн шахах зорилготой нарийн, тооцоотой зохиомж гэж дүгнэж болохоор болжээ.

Ерөнхий сайдын сэнтий ганхаж эхэлсэн өдрөөс л улстөрийн элитүүд хэн нь хэний талд зогсохоо нууцхан тодорхойлж, ирэх он жилүүдийн засаглалын тэнцвэрийг бодолцон байр сууриа шүргэж, холын зайн нүүдлээ тооцож байна. Түүний эсрэг өрнөж буй хөдөлгөөнүүд бол зөвхөн эрх баригч нам доторх зөрчил биш, харин УИХ-ын даргаас Ерөнхийлөгч хүртэлх эрх мэдэлтнүүдийн улстөрийн гүнзгий тохироо, өөрсдийн байр суурийг бэхжүүлэх сүүдрийн тоглолт юм.

Ерөнхий сайдын ‘’үлдэх’’ нь түүний биш, бусдын хүсэл

Олон нийтийн хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аль хэдийнэ хүлээлтэд нийцээгүй, улстөрийн дэмжлэггүй болсон нь нууц биш. Түүнийг ‘’үлдээх’’ нэрийн дор явж буй кампанит ажил нь үнэндээ түүнийг хүнд байдалд оруулах, бүрмөсөн унагах урьдчилсан алхам мэт харагдаж байна. Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллах бодит нийгмийн орон зай, дэмжлэг, улстөрийн ‘’уухай’’ дуусгавар болсон энэ үед түүнийг албаар сэнтийд нь наалдуулах гэсэн оролдлого бол буулт хийх гарцыг нь хааж, Л.Оюун-Эрдэнийн улстөрчийн дүрийг улам гутаах гэсэн нарийн зохион байгуулалттай маневр. Гэвч Л.Оюун-Эрдэнэ унахдаа ганцаараа унахгүй. Түүнийг улстөрийн тавцанд унагаах нь дагагсад хийгээд нам доторх бүлэглэлийн зохион байгуулалттай дотоод ‘’цэвэрлэгээ’’-ний нэг хэсэг болчихоод байна.

Сүүдрийн улстөрчид...

Түүнийг хамгаалж буй мэт дүр эсгэгчдийн дунд хамгийн анхаарал татах хүн бол хотын мээр Х.Нямбаатар яахын аргагүй мөн. Түүний иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж, намын гишүүдээ ашиглан жагсаал зохион байгуулсан нь үнэндээ ‘’төр иргэнээ дарамталж болно’’ гэсэн буруу жишгийн эхлэл болсон. Х.Нямбаатар, түүнтэй адил албан тушаалаа хадгалж үлдэх сонирхолтой бусад нөхөд Ерөнхий сайдыг хамгаалж буй мэтээр өөрсдийгөө харуулж байгаа ч үнэн хэрэгтээ түүнийг ашиглан өөрсдийн суудлаа хамгаалж, иргэдийн дургүйцлийг түүн рүү чиглүүлэх замаар өөрсдийгөө цэвэрхэн авч үлдэхийг эрмэлзэж байна. Төрийн албаны бодлогоороо иргэдтэй зөрчилдсөн, олон нийтийн дэмжлэгээ алдсан хүмүүс Ерөнхий сайдын нэр барьж, улстөрийн хавсарга аятай авирлаж байгаа нь эргээд Л.Оюун-Эрдэнийг ард түмнээсээ улам бүр тасарсан, ганцаардсан дүрд оруулахад хүргэж буй.

‘’Үнэнч нөхөд’’ нэртэй улстөрийн хорлон сүйтгэгчид

 Ерөнхий сайдыг хамгаалах гэж байгаа мэт анд нөхөд үнэн хэрэгтээ түүнийг улстөрөөс бүрмөсөн шахахын тулд үлдээхийг оролдож байна. Түүнийг явуудахгүй, огцруулахгүй гэж чарлаад байгаа бүлэглэл бол улстөрийн хувьд хамгийн аюултай, ямар ч шийдэл гаргахгүй, ‘’далдуур булшилдаг’’ арга барилтай бүлэглэл юм. Энэ бүлэг хүмүүсийн хувьд Л.Оюун-Эрдэнэ үлдэнэ гэдэг бол зүгээр л түүнийг бүрэн шаварт хутгах зам. Тэдэнд Л.Оюун-Эрдэнийг хамгаалах бодит хүсэл үгүй. Харин түүнийг буруутан болгох, улстөрийн хариуцлагыг түүний нуруунд үүрүүлж, өөрсдийгөө хамгаалах л зорилго өвөртөлж буй ‘’цөөвөр чоно’’-ууд.

Өнөөдөр Ерөнхий сайдад тулгараад буй жинхэнэ сорилт бол албан тушаалдаа үлдэх эсэх биш. Харин улстөрийн нэр хүндээ хамгаалж үлдэх, ирээдүйн боломжоо хадгалахын тулд ямар нөхцөлөөр явах вэ гэдгээ шийдэх асуудал юм. Л.Оюун-Эрдэнэд үлдэх гарц байхгүй болсон. Харин гарахдаа ямар дүр төрхтэй, ямар нэр хүндтэй явах вэ гэдэг л үлдээд байна. Хэт удаан зууралдвал тэр эрх мэдэлд шунагч, ард түмний дуу хоолойг үл тоосон дорой нэгэн болж хувирна. Явахдаа буулт хийсэн ч цаашдын улстөрийн нөөц боломжоо хадгалсан улстөрч байж чадвал харин ирээдүйд дахин нэг боломжийн үүд нээгдэхийг үгүйсгэхгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үглээ өвгөн:
О.Э.явсан.дээр дээ???Ирээдүй нь харанхуй!!!!
2025-05-26
Oyukaa - Bayrtai !:
Dankh - Good Bye !
2025-05-26
Иргэн:
Олон нийтийн санал гэж сонгох эрхтэй нийт иргэдийн 50%+1 иргэний саналыг хэлнэ. Иргэдийн цөөнх буюу бодит нөхцөлд анализ хийх чадваргүй хүмүүс, бүлэглэлийн болон хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүдийн мөнгөөр дуугардаг утсан хүүхэлдэйнүүд хамтарсан засгийн газрыг огцруулахыг дэмжиж байхад дийлэнх нь засгийг тогтвортой ажиллуулж, томоохон төслүүдээ эхлүүлэх, баялгийн сангаа бүрдүүлэх, хууль бус хөрөнгийг хураах ажлыг нь хийлгүүлэх сонирхолтой байгаа нь үнэн л дээ.
2025-05-26
Иргэн:
Үлдэх гэж мөнгийг ч сайн тарааж байгаа бололтой …
2025-05-26
Pkxny:
Хурдан зайлаачээ Данхаа
2025-05-26
одоо бол яв тэгээд ажилласан жилүүдээ бодож дүгнэлт гаргаад эргээд ирэх нь зөв
2025-05-26