МАН-ын сүүдэрт бүдгэрч буй АН

Сүүлийн өдрүүдэд АН-ын дотоод зөрчил, үл ойлголцол улам бүр гүнзгийрч намын дотоод хэрэг бус, улс төрийн сөрөг хүчний ирээдүй ганхах эсэх асуудал нь анхаарлын төвд ороод байна. АН-ын дарга Л.Гантөмөр МАН-ын ‘’хөнжилд’’ шургалж, хамтарсан Засгийн газартай дэр нэгтгэсэн нь намын доторх зарчимт байр суурь, үнэт зүйлсийг мөрддөг гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй.
АН-ын ахмад гишүүн ардчилсан хувьсгалын нэгэн гол тоглогч Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан Л.Гантөмөрийг хурцаар шүүмжилж, түүнийг ‘’МАН-ын угаадсыг зөөгч’’ , ‘’АН-ыг үндэсний шившиг болгох хэмжээнд хүргэж байна’’ хэмээн тодорхойлов. Тэрээр Л.Гантөмөрийг намын бүлгийг хуурч, Засгийн газарт үлдэх хувийн тоглолт хийж байгаа гэх байр суурийг илэрхийлжээ.
Энд гол асуудал ганц хүний тухай бус АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадах уу гэдэгт л гол анхаарал төвлөрч байна. Хэрэв АН хамтарсан засагт оролгүй, анхнаасаа УИХ-д сөрөг хүчний хатуу байр суурь баримтлан, ард түмний дуу хоолой болж ажилласан бол өнөөгийн улстөрийн тавцанд өөр орон зай эзэлж, 2028 оны сонгуульд бодитой өрсөлдөгч болох сууриа бэхжүүлэх боломж байв.
Гэтэл бодит байдал дээр АН дотоод эв нэгдэлгүй, байр суурь нь хоёрдмол болж хуваагдаад удаж буй. Энэ ан цав одоо ч арилаагүй. Нэг талаас эрх баригчдын дунд суугаа намын дарга, нөгөө талаас түүний шийдвэрийг шүүмжлэгч, төрөөс гарахыг шаардаж буй бүлгийн гишүүд. Энэ нөхцөлд олон нийтэд АН ‘’яг хэний төлөө, юуг төлөөлж байгаа вэ’’ гэх асуулт гарцаагүй төрүүлж буй.
Өнөөдрийн улстөрийн орон зайд сөрөг хүчний бодит, зарчимч байр суурь нэн чухал байсаар байна. АН энэ орон зайг эзлэх бүрэн боломжтой байсан ч дотоод зөрчил, богино хугацааны тохиролцоонд суурилсан алхмууд нь тус намыг бүр сулруулж, ардчиллын туг баригч гэх нэр хүндээ алдахад хүргэж болзошгүй байна.
Түүх сөхвөл 1990-ээд оны АН эрх баригч хүчний эсрэг тод, эрс байр суурьтай байж, олон нийтийн дэмжлэгийг олж байлаа. Харин өнөөдөр тус нам эргэлзээтэй тохиролцоо, ойлгомжгүй манлайллын дунд итгэл алдсаар байна. Үндэсний хэмжээний намд энэ бол уналтын эхлэл байж мэдэхээр нөхцөл байдал.
2028 сонгууль бол зөвхөн ээлжит сонгууль бус, улстөрийн шинэ эрин эхлэх эсэхийг шийдэх сонголт байх болно. Тэр үед ард түмэн үнэт зүйлдээ үнэнч, тогтмол байр суурьтай, сөрг хүчний жинхэнэ үүрэг гүйцэтгэж чадах улстөрийн хүчинд итгэл үзүүлэх нь дамжиггүй. Харамсалтай нь, өнөөдрийн АН тэр итгэлийг авч чадах эсэх нь улам бүр эргэлзээтэй болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ