Цахим мөрийтэй тоглоомыг хориглов

Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо – Монгол Улс иргэдээ хамгаалах чиглэлд чухал алхам хийв
2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Энэхүү хууль нь цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг Монгол Улсад бүрэн хориглох эрх зүйн үндсийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Цахим мөрийтэй тоглоомын сөрөг нөлөөлөл нь сүүлийн жилүүдэд иргэдийн амьдралд хүчтэй тусч, олон мянган гэр бүл санхүү, сэтгэл зүйн хохирол амсаж байсныг судалгаа, баримтууд харуулж байна. Зөвхөн нэг жилийн хугацаанд 500 сая ам.доллар гадаад руу урсаж, энэ нь улсын хэмжээнд хүүхдүүдэд жил бүр олгодог 1.7 их наяд төгрөгтэй дүйцэж байгаа нь бодит аюулыг илтгэж байна.
Хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулахад оролцож, өөрийн нэр дээрх банкны данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгөний дансаа ашиглуулсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий болсон. Мөн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт тоглоомыг сурталчлан, хүүхэд, залуучуудыг уруу татсан этгээдүүдэд зөрчлийн хариуцлага ногдуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Засгийн газар энэхүү хууль хэрэгжсэнээр дараах үр дүнг хүлээж байна. Үүнд:
-
Монгол Улсаас цахим мөрийтэй тоглоомд хандах эрхийг хууль ёсны дагуу хаах
-
VPN зэрэг дамжуулалт ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага тооцох
-
Монголчуудын хөрөнгө гадагш урсах суваг хаагдах
-
Харийн этгээдүүдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалтыг зогсоох
-
Иргэдийг цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх
Энэхүү чухал хууль батлагдах үед УИХ-ын чуулганд 69 гишүүн оролцож, тэдний 80 гаруй хувь нь дэмжсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ