У.Хүрэлсүх: “Олон жил дэмжсэн, одоо зарчмаа ярина”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, улс төрийн нөхцөл байдал болон зарчмын байр сууриа илэрхийллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ:
“Би Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш парламентын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Хамтарсан Засгийн газрыг дэмжихийн зэрэгцээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ч таван жилийн турш бүх талаар дэмжсэн. Улс төрч, удирдагч хүний хувьд хамтдаа олон жилийг туулсан, нэгэн үеийн хоёр даргаа хайрлаж, хамгаалж ирсэн, өнөөдөр ч гэсэн тийм сэтгэлтэй байна. Гэсэн ч хувь хүний асуудал биш, зарчмын тухай ярих цаг ирсэн.
Нэгдүгээрт, хууль засаглах ёстой. Энэ бол миний Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэрээ онцлон хэлсэн, үнэт зүйл. Би улстөрд 30 гаруй жил зүтгэж байна. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Энэ чиглэлд бодлогын болон Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг тууштай дэмжиж ирсэн. Тиймээс ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танаж, Засгийн газарт эрх мэдлийг төвлөрүүлсэн өөрчлөлтүүдийг дэмжсэн. Би цаашид ч парламентын засаглалыг тууштай дэмжинэ. Миний бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн би өөрийгөө дахин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй. Энэ бол миний баримталдаг зарчим. Би энэ зарчмыг хоёр даргад ч үргэлж захиж ирсэн, одоо ч тэд маань зарчимч байж чадна гэдэгт итгэж байна.
Хоёрдугаарт, баялгийн сангийн санаачилга. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулах заалтыг би Ерөнхий сайд байхдаа оруулж байсан. Энэ санаачилгад би үнэнч хэвээр. Байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч. Энэ бол миний амьдралын философи. Баялаг бол ард түмэнд ижил тэгш хүртээх ёстой зүйл. Хулгайгаар авсан бол буцааж өгөх ёстой. Л.Оюун-Эрдэнэ 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед нь Норвеги улсад очиж, баялгийн сангийн туршлагыг судлуулахаар явуулж байсан.
Ерөнхийлөгчийн хувьд гурван зүйлийн төлөө санаа зовж явдаг. Нэгдүгээрт, тусгаар тогтнол. Хоёрдугаарт, аюулгүй байдал. Гуравдугаарт, эв нэгдэл. Энэ бол төрийн бүх институцийн баримтлах зарчим байх ёстой. Сүүлийн 20 хоногт ард түмэн дуу хоолойгоо илэрхийллээ. Тэд шударга ёсыг шаардаж байна. Тиймээс парламент ард түмний тавьж буй шаардлагад зохих хариуг өгөх ёстой гэж бодож байна.
Миний хувьд өмнө нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс, Шадар сайдын албан тушаалаас, Ерөнхий сайдын албан тушаалаас бүгдээс нь сайн дураар татгалзаж байсан. Төрийн алба бол эрх мэдэлд шигдэх газар биш. Хүн ухрахдаа ч ухарч, урагшлахдаа ч урагшилж чаддаг байх ёстой. Хариуцлагаа хүлээж чаддаг байх ёстой. Үнэнээ хэлж, худлаа ярьдаггүй байх нь төрийн хүний үндсэн зарчим гэж би үздэг” хэмээн онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ