"Түүхэн үдэлтийн цэг’’

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг 10 гаруй цагийн турш хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон 82 гишүүний 44 нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг дэмжсэн боловч тогтоол батлагдахын тулд нийт гишүүдийн олонхийн санал шаардлагатай байдаг. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцохоор шийдвэрлэв.
Санал хураалтын дүн танилцуулагдаж, огцорсонд тооцох тогтоол батлагдсаны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд дараах үгийг хэлэв:
“Миний бие болон хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэх нэр төртэй үүргийг цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй нөхцөлд биелүүлж ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
МАН-ын журмын нөхөд, намайг дэмжин итгэл хүлээлгэж ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье. 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг шинэ зуунд, мянга мянган дэмжигчдийн хамт ялалтаар түүчээлсэн минь миний амьдралын бахархалт нэгэн үе болж үлдэх болно.
Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд талархал илэрхийлье.
126 гишүүнтэй холимог тогтолцоотой парламент бүрдүүлэх үйл явцад, “Хурдтай хөгжлийн төлөө зориг” уриан дор хамтарсан Засгийн газар байгуулж, олон жил гацсан төслүүдийг урагшлуулахад улс төрийн манлайлал үзүүлсэн Ардчилсан Намын нийт гишүүд, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд болон парламентад суудалтай бүх намын удирдлагууд, гишүүд, мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажилласан нийт сайд нартаа талархал илэрхийлье.
Ирэх Ерөнхий сайдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Түүний амжилт бол бидний хамтын амжилт байх учир бүх талаар дэмжиж ажиллах болно.
Намайг дэмжиж, итгэл өгсөн ард түмэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ил тод нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж буй залуусдаа, ирээдүйг бүтээгч үеийнхэн та бүхэнд баярлалаа.
Надад итгэж, үзэл санаа нэгтэй хамтран ажилласан эрхэм гишүүддээ баярлалаа.
Өнөөдөр би ордонд хүч мөхөсдөж байгаа ч, ард түмний хүсэл эрмэлзлэл, ирээдүйн итгэл найдвар өөр түвшинд байгааг би мэднэ. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмний хүсэл зоригийг дийлж байсан түүх үгүй.
Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай.” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ