ХҮН нам тарах уу?

Хамтарсан Засгийн газарт орсон цагаасаа хойш шинэчлэл, хариуцлага, ёс зүйн мессеж түгээсээр ирсэн ХҮН нам өнөөдөр өөрийн дотоод хямралтай нүүр тулж байна. Намын дотор эрх мэдлийн төвлөрөл, дотоод ардчилалгүй байдал, гишүүдийн эрх ашгийг үл тоосон шийдвэрүүд олны өмнө ил болж, энэ намд итгэл хүлээлгэсэн олон мянган сонгогчдын итгэлийг ганхуулж эхэллээ.
Өчигдөр УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл улс төрийн маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “ХҮН нам тарах хэрэгтэй” хэмээн ил шулуухан мэдэгдэж, дотоод ардчилалгүй, зандалч үзэл давамгайлсан, гишүүдийн санаа бодлыг үл тоодог удирдлагын тогтолцоог шүүмжилсэн юм.
“Дарга сэтэртэй хэдхэн хүн шийдвэр гаргадаг. Хэрэгтэй үедээ гишүүдээ наалдуулж, хэрэггүй үедээ хутга шаадаг. Би хамгаалалт хүсч байна. Хүүхэд, гэр бүл рүү орж дарамталдаг байдлыг би тэвчихгүй” хэмээн тэрбээр ил тод хэлсэн нь улс төрийн хүрээнд "зүгээр ч нэг гомдол" биш, тогтолцооны гажуудлын дохио хэмээн хүлээж авлаа.
ХҮН намын зүгээс дэвшүүлдэг "шударга ёс, шинэ үеийн улс төр" гэх уриа үнэндээ нэр төдий болж, намын дотоодод лидерүүд бус дарангуйлал давамгайлсан бүтэц тогтсон гэдгийг Б.Мөнхсоёлын мэдэгдэл баталлаа. Энэ нь улс төрийн намуудын гол тулгуур болох дотоод ардчилал хэр эмзэг, хэврэг байгааг нотолж буй хэрэг юм.
Түүнээс өмнө намын өөр нэг гишүүн А.Дөлгөөн мөн намаасаа гарч байгаагаа зарласан. Тэрбээр:
"ХҮН нам дотоод ардчилалгүй, нэг хүний компани шиг бүтэцтэй, зарчимгүй болсныг арван жил хамт явсны эцэст ойлголоо. Үнэт зүйлээ алдсан намд итгэл хүлээлгэх боломжгүй" гэсэн байдаг.
Түүний мэдэгдэл улс төрийн нам гэж юу болох, ямар зарчимд үндэслэх ёстой вэ гэдэг асуултыг эргэн сөхөхөд хүргэж байна. Намын дүрэмд эрх мэдэл удирдлагад хэт төвлөрсөн бол тэр нь дарангуйлагч төрүүлэх суурь болно гэдгийг А.Дөлгөөний шүүмжлэл анхааруулж байгаа юм.
Эдгээр дуу хоолой нь зөвхөн хувь гишүүдийн гомдол, эсэргүүцэл бус, ардчилал, хариуцлагын тухай улс төрийн том яриаг нийгэмд эргүүлэн авчирч байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдахад хамгийн их итгэл найдвар тээж орж ирсэн намын нэг бол яах аргагүй ХҮН нам байв. Гэтэл өнөөдөр тэр итгэлийг өөрсдөө нурааж эхэлсэн нь ийнхүү ил болов.
Хэрвээ дотоод ардчилал үгүй бол гадаад ардчилал хий хоосон уриа болдог жамтай.
Намын гишүүд гадаад бодлого, боловсролын бодлого зэрэгт бодит дүгнэлт өгч, шүүмжлэл хэлэхэд "намын эсрэг үг хэллээ" гэх шошго зүүж, заналхийлж буй нь зөвхөн нэг намын асуудал бус, Монголын улс төрийн соёлд хэдийн хавдар мэт тархсан ойлголт юм.
Нэг хүний, эсвэл хэдхэн хүний шийдвэр давамгайлсан нам улс төрд шинэчлэл авчрах уу, эсвэл өнөөгийн тогтолцоог улам бүр хуучин арга барилаар тэжээх үү? Энэ асуултын хариуг ХҮН намын өнөөгийн хямрал өөрөө өгч байна.
Хэрвээ шинэ үеийн улс төр хийх зорилго үнэн байсан бол дотоод ардчилал хамгийн чухал шаардлага болох байв. Гэтэл өнөөдөр энэ нам "шинэ" бус, хуучны арга барилаар замнаж, нэр хүндээ өөрсдийн гараар унагаж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ