МАН-ын эцсийн зогсоол Г.Занданшатар уу?

Л.Оюун-Эрдэнийн уналт МАН-ын фракц хоорондын зөрчил савнаасаа хэрхэн сагасныг харуулж буй. Түүнд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шөнө дөлөөр орж ирсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийн улстөрийн амьдралыг эхлүүлсэн цэгт нь буцаана гэдгээ мэдэгдээд ‘’далалсан газарт нь ил гарч, далайсан газарт нь далд ор’’ гэдгийг сануулсан юм. У.Хүрэлсүхийн “сүүдэрт” ажилласан Л.Оюун-Эрдэнэ нийгмийн хүлээлтэд хүрч чадаагүй төдийгүй фракцуудын ашиг сонирхлын гинжинээс мултарч чадалгүй гишүүдийнхээ дэмжлэгийг алдаж, улстөрийн замналаа дуусгаж байна. Намын даргын суудал бол зүгээр нэг нэр төдий биш, Ерөнхий сайдын бодлогын ар тал, улс төрийн бүрэн хамгаалалт. Энэ суудал ганхаад эхэлбэл, У.Хүрэлсүхийн “сонгосон” залуу үеийн төлөөлөл улс төрийн хувьд дэмжлэггүй, хамгаалалтгүй үлдэнэ.
Л.Оюун-Эрдэнэ огцорч МАН дотор Ерөнхий сайдын марафон эрчээ авч буй. Н.Учрал, Б.Жавхлан, Б.Батцэцэг, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нар Ерөнхий сайд болно гэх чулуу хөөлгөж байна. Эдгээрээс спийкер Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болж Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга болно гэх үнэнд үл нийцэх таамаг хөндөгдөж нэг үзэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөгийн эрх баригч дунд хамгийн “зөв байрлал”-д очсон, улс төрийн тоглолтын хувьд “аюулгүй цэг”-т байрлаж байгаа хүн. Тэр хэзээ ч “мөргөлдөх” замыг сонгодоггүй. Тэрээр хэн нэгний эвийг эвдэх бус, эвийг олох замаар улстөрийн зөөлөн маневр хийдэг. Үүнийхээ хүчинд тэрээр парламентын “толгой” суудалдаа улирч үлдэнэ гэж үзэх нь бодитой дүгнэлт. Тиймээс түүнийг “Ерөнхий сайд болох гээд байна” гэх хардлага нь улстөрийн мэдрэмжгүй таамаглал болохоос, бодитой дүгнэлт биш. Товчхондоо Д.Амарбаясгалан бол УИХ-ын даргын суудлаас буух тэнэг биш. Түүнийг намын дарга болгох тухай яриа ч тухайн байр сууринаасаа татгалзахгүй гэсэн улстөрийн ухаалаг тэнцвэрт сэтгэлгээний эсрэг зүйл болно.
Г.Занданшатар МАН-ын эцсийн зогсоол...
МАН-ын дотоод зохион байгуулалт, эрх мэдлийн төвлөрөл, өрсөлдөөн, хэн гэгч нь эрх мэдлийн жинхэнэ жолоог атгах вэ гэдэг асуулт нэн тодорхой болж эхэллээ. Г.Занданшатар МАН-ын эцсийн зогсоол болжээ. Өнөөдрийн улс төрийн намын төлөвлөлт, хандлагаас харахад МАН зөвхөн “Шинэ залуу үе” гэх нэрийн дор туршилт хийсээр байгаад хүчээ тарамдуулж, фүракцуудын хүчний тэнцвэрийг хадгалах бодит аргагүйд хүрээд байна. Г.Занданшатар бол энэ тэнцвэрийн үл үзэгдэгч жин. Түүний намын дарга болох хувилбар бол зөвхөн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж, МАН-ыг тодорхой хугацаанд тогтворжуулах стратегийн “буфер” төлөөлөгчийн хувилбар. Яг үнэндээ түүнийг Ерөнхий сайд болгох улс төрийн бодит суурь, дэмжлэг байхгүй бөгөөд үүнийг ухаарах улс төрийн ухамсарт түвшин Г.Занданшатарт бий. Гэхдээ л МАН-д одоогоор гадна талдаа ч дотооддоо ч түүнээс өөр сонгох сонголт үлдээгүй бололтой. Г.Занданшатар өөрөө ч Ерөнхий сайд болох гээд улайрч байгаа сурагтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ